УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ гүтгэх гэдэг асуудлыг хуульд яаж оруулж ирж байгаа юм бэ. Энэ гүтгэх гэдэг асуудал хэрээс хэтэрлээ. Нийгмийн сүлжээнд ч гүтгэж байдаг, сайтаар ч, хэвлэл мэдээллээр ч тэр.
Гүтгэх гэдэг юмыг Зөрчлийн хууль руу оруулснаас болоод энэ асуудал хэрээс хэтэрлээ. Хүний зургийг тавьж байгаад гүтгэж эхэлдэг. Энэ асуудлыг шалгуулаад явахаар Датаком гэдэг газраас нэг домайн нэр авчихдаг. Нэг хэдэн сэтгүүлч нийлж байгаад авчихдаг. Тэгээд тэрийгээ хүнд дамжуулж шилжүүлж байгаад, хэрэг хүлээх чадваргүй хүн дээр нөгөө сайтынхаа эрхийг шилжүүлчихдэг.
Тэгээд асуудал болгоод, юм яриад ороод ирэхээр яг тэр Цагдаагийн байгууллага нь шалгаад эхлэхээр нөгөөх нь хэрэг хүлээх чадваргүй. Тэгээд тэр сайт дээрээ худал мэдээгээ тавьчихаад, эх үүсвэр нь тэр гээд бусад руу шэйрлэчихдэг. Тэгээд гүтгэх асуудлыг нь Эрүүгийн хэрэг болгоод шалгаад явахаар гүтгэсэн нь үнэн байна. Гэхдээ гутаан доромжилсон утга агуулга байхгүй байгаа учраас хэрэг хүлээлгэх бололцоогүй байна гэдэг.
Яг энэ хуулийн зохицуулалтгүй нөхцөл байдлаас болоод энэ хүмүүсийн нэр төр, нийгэмд эзлэх байр суурь, алдар гавьяа, гэр бүл, үр хүүхэд олон юм хохирч байгаа. Тэгээд гүтгэж гүтгэчихээд шүүх дээр очоод 1.5 сая юм уу, 2 сая төгрөгийн торгууль авах бол юу ч биш байхгүй юу. Ийм нөхцөл байдлуудыг Эрүүгийн хууль дээр яаж оруулсан юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 2015 онд батлагдсан Зөрчлийн тухай хуулиар гүтгэх доромжлох харилцааг нэгтгэж зохицуулсан. Одоо энэ Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслөөр Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж байгаа.
Худал мэдээ тараах гээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13-ийн 14 дүгээр зүйл дээр томьёолоод оруулж ирж байгаа. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450 нэгжээс 1300 нэгтэй тэнцэх хэмжээний торгох эсвэл 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэнэ гэсэн заалт орж ирж байгаа.
Сонгуулийн үеэр бусдыг гүтгэсэн тохиолдолд энэнээс арай өөр, ялын бодлогын хүнд зохицуулалттай зүйл ангиар шийтгэх асуудал байгаа.
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: Хүнийг гүтгэчихээд 500 мянгаас 1.4 сая төгрөгөөр торгуулах бол юу ч биш шдээ. Тэр нэр төрөө доромжуулсан хүний нэр төр сэргэхгүй шүү дээ. Хүнийг гүтгэчихээд 1 хоног, 3 хоног сургалтанд суух юу ч биш. Тэр хүний нэр хүнд ахиж сэргэхгүй. Тэр чинь нийгмийн сүлжээнд тарчихсан байхгүй юу. Эргээд тэрнийхээ төлөө уучлал гуйдаг, залруулга гаргадаг юм яагаад байж болдоггүй юм. Хоёр сонины нүүр гэх мэт маш их хэмжээний гүтгэлэг явуулчихаад буланд нь “уучлаарай” гээд тавьчихаар тэр зөрчил арилчихна гэж байхгүй шүү дээ. Тэгээд тэр хүнийг хэд хоног албадан хөдөлмөр хийлгэх юу юм бэ. Энийг бол хорих ялтай байлгах ёстой байхгүй юу.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: М.Энх-Амгалан гишүүний хэлж байгаа зөв өө. Манайх Эрүүгийн эрх зүйн урд олсон ололтоосоо 2015 онд Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулийг батлахдаа ухралт хийсэн зүйл байгаа. Өөрөөр хэлбэл үүнийг судлаачид “гүтгэх, доромжлох” гэдэг чинь хоёр тусдаа ийм харьцангуй бие даасан гэмт хэргүүдийг Зөрчлийн нэг төрлийн хэрэг болгоод нэгтгэсэн.
Одоо энэ удаа Хууль зүйн яам оруулж ирэхдээ “нийтэд худал мэдээлэл тараах” гэдэг нэр томьёогоор оруулж ирж байна. Таны хэлж байгаа учирсан материаллаг хохирлыг яаж, хэрхэн төлөх вэ гэдэг харилцаа бол Монгол Улсын Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа. Эдийн бус хохирлоо нөхөн төлүүлэх ийм бүлэг харилцаа Иргэний хуулиар зохицуулагдсан.
Гэхдээ манай Иргэний эрх зүйн харилцаанд дутагдалтай сул тал бий. Энэ нь үнэлэмжийн асуудал. Нэр төр, алдар хүндийг хэрхэн яаж үнэлэх үнэлэмж, түүнээс учирсан хохирлыг яаж, хэрхэн үнэлэх талаар зохицуулалт багатай. Би андуураагүй бол 2000-аад оны үеэр Ц.Нямдорж сайд нэр төр, алдар хүндийг сэргээн тогтоолгохтой холбоотой нэхэмжлэл гаргасан санагдаж байна.
Тэр үед хэрхэн яаж үнэлэх вэ гээд шүүхийн практик, үнэлэмжийн асуудал яригдаад намаас сонгогдсон албан тушаалтны хувьд намын гишүүдийн тоогоор тодорхой тоо тавьж нэхэмжлэх ийм асуудал яригдаж байсан. Ер нь манай иргэний эрх зүйд гэм хор учруулснаас үүсэх асуудал, энэ үнэлэмжийн тухай үнэлэх аргачлалын тухайд цаашид жиших арга бодох ёстой.
Ер нь гүтгүүлсэн хүний хувьд эрүүгийн гэмт хэргийнхээ шугамаар шалгуулаад, гэм буруутай эсэхийг нь тогтоогоод, түүндээ иргэний нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа.
УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлдэх Ажлын хэсгийн хуралдаан болж байгаа, бусад ажлын хэсгүүдийн хуралдаан давхацаж байгаа учраас Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах асуудлыг ирэх долоо хоногт болгон өөрчиллөө.