Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2019.12.05) хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцлээ.
Төсөлд 2020 оны УИХ-ын сонгуулийг том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоог явуулах хувилбар туссан байгаа. Энэ нь 50+26 буюу 50 гишүүн нь жижиг тойргийн сонгогчдоос шууд санал авах, 26 нь том тойрог буюу Монгол Улсын нийт иргэдээс санал авч сонгогдоно гэсэн үг юм.
Мөн энэ удаа нам дугуйлах хэлбэрээс хүнээ сонгож дугуйлах хэлбэр лүү шилжиж, ард түмэн өөрийнхөө элч төлөөлөгчийг өөрсдөө шууд сонгох Үндсэн хуулийн суурь зарчим хэрэгжинэ гэж хууль санаачлагчид нь тайлбарлаж байгаа юм.
Түүнчлэн сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байх; нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэхдээ ээлжит сонгуулийн өмнөх жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайланг ирүүлэхээр тусгагдаад байна.
Мөн нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн жилийн 1-р сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байхаар зохицуулжээ.
Төсөлд сонгуулийн сурталчилгаа явуулах арга, хэлбэрийг сонгуулийн зардал багасгах зорилготой уялдуулан тогтоох; сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулах эрх зүйн орчин боловсронгуй болж, хуулийн хэрэглээ болоод зохион байгуулалт нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж.
Мөн сонгогч нь тухайн намаас улсын хэмжээнд буюу том тойрогт нэр дэвшигч 26 хүнээс зөвхөн нэг нэр дэвшигчийг, жижиг тойргоос бас нэг нэр дэвшигчийг дугуйлж саналаа өгөхөөр зохицуулсан. Энэ нь сонгогч намыг биш нэр дэвшигчийг сонгож саналаа шууд өгч байгаа учраас Үндсэн хуульд харшлахгүй гэж үзэж буйгаа хэллээ. Мөн сонгуулийн сурталчилгаа, зардал, түүнд тавих хяналт, сонгуулийн сурталчилгаанд цахим орчныг ашиглахтай холбогдсон шинэ зохицуулалтын талаар гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хуулийн төсөлд тусгагдсан сонгуулийн тогтолцоотой холбогдуулан туршилтын саналын хуудас хийж сонгуулийн санал тоолох машиныг шалгаад боломжтой гэж Байнгын хорооны гишүүдэд танилцуулжээ.
Гэхдээ энэ хувилбараар сонгууль явуулахад саналын хуудасны тоо нэмэгдэхээр байгаа, одоогоор Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа 35 нам улсын хэмжээний тойрогт 26 хүнийг нэр дэвшүүлбэл 4 саналын хуудас болно. Гэтэл төсөвт сонгуулийн зардлыг нэг саналын хуудсаар тооцож баталсан учраас нэмж 3 саналын хуудасны зардал яригдана гэдгийг бас тайлбарлажээ.