БНХАУ-ын Бээжин болон Шандунь мужийн Жинань хотод 11 сарын 27-ноос 12 сарын 03-нд болсон Олон улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн ур чадварын тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Беларусь, Казахстан, Узбекистан, Азербайжан, Тажикстан, Афганистан, Киргиз, Шри-Ланк, Камбож, Турк, Армен зэрэг 14 орны 40 гаруй инженер өрсөлджээ.
Цахилгаан тоноглол угсрах гурван төрөлт тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригийн удирдлага дор цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр, Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү нар оролцсон байна.
Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү алт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр III байрт бичигдсэн амжилт үзүүлжээ.
Олон улсын эрчим хүчний салбарын инженер, ажилчдын харилцаа холбоог сайжруулах, туршлага солилцох замаар мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.