Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн шуух хуралд өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч дахин хойшилсон байна. Шүүх хурлыг 12 дугаар сарын 16-ны өдрийг хойшлуулсан байна.
Хэргийг сануулахад, Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн хэмээн үзэж байгаа.
Мөн Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ.
Н.Золжаргал нь Монгол Банкны Ерөнхийлөгч байх хугацаандаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн.
Мөнгөний бодлогын хүрээнд хийж байгаа реформ хэмээн тодорхойлогдсон Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөр дотроо
1. Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр
2. Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөр
3. Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөрт
4. Дэвшилтэт технологи бүхий байгаль орчинд ээлтэй барилгын материал үйлдвэрлэх төслүүдийг дэмжих хөтөлбөр гэсэн дөрвөн хөтөлбөрт хуваагдан, дотроо 8 хэсэгт хуваагдан хэрэгжсэн байгаа.
Харин дэд хөтөлбөрүүдийн “залгисан” мөнгөн дүн жирийн иргэний санаанд багтамгүй их оронтой тоогоор хэмжигдсэн юм!
– Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр 194 тэрбум 800 саяыг,
– Гурилын үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр 105 тэрбум 700 саяыг,
– Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг нэмэгдүүлэх, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх дэд хөтөлбөр 137 тэрбум төгрөг
– Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр 137 тэрбумыг,
– Барилгын гол нэр төрлийн материалын дотоодын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах дэд хөтөлбөр 227 тэрбум 200 саяыг,
– Зайлшгүй импортлох шаардлагатай барилгын материал (цемент, арматур)-ын улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгах дэд хөтөлбөрт 125 тэрбум 400 саяыг,
– Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрт 137 тэрбумыг,
– Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөлбөрт 34 тэрбумыг,
– Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах хөтөлбөр дэд хөтөлбөр 86 тэрбум 400 саяыг тус тус залгисан юм.
Иргэдийнх нь дийлэнх нь дундаж орлогтой, цалингаараа амьдралаа залгуулж, түүнээсээ татвараа төлж амьдардаг Монгол Улсын Төв банк 2012-2016 онд нийтдээ 4.8 орчим их наяд төгрөг гарган энэхүү Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээч арга хэмжээг санхүүжүүлсэн билээ.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх ажил эхлэх үеэс Монголбанкны мөнгөний бодлого, Засгийн газрын төсвийн бодлого хоёр хоорондоо уялдахаа байж, хамтын ажиллагааны зарчим ч алдагдаж эхэлсэн байна. Засгийн газар, УИХ тодорхой шийдвэрүүдийг гаргаж байсан ч Монголбанк руу ердөө зөвлөмж төдий бичгүүдийг л хүргэдэг болтолоо сульдсан байв. Харин Монголбанк Үнэ тогтворжуулах хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд 2012 оны сүүлийн хагас жилээс эхлэн мөнгө үйлдвэрлэгч машин болж эхэлсэн юм.
2012 он: Монголбанк 7.6 их наяд төгрөг хэвлэн эдийн засагт нийлүүлэв. Үр дүнд нь мөнгөний нийлүүлэлт 19 хувиар нэмэгдэж, нэг оронтой тоонд байлгахаар тооцсон инфляци 14 хувьд хүрч нэмэгдэв.
2013 он: 9.5 их наяд төгрөг хэвлэн эдийн засагт нийлүүлэв. Үр дүнд нь мөнгөний нийлүүлэлт 24 хувиар өсч, 8 хувиас хэтрүүлэхгүй хэмээн тооцсон инфляци 12.5 хувь хүрч өслөө.
2014 он: 10.6 их наяд төгрөгийг хэвлэх зах зээлд гаргалаа. Мөнгөний нийлүүлэлт 12 хувиар өслөө.
2015 он: 10 их наяд төгрөг хэвлэн эдийн засагт шахав.
2016 он: 12.1 их наяд төгрөгийг хэвлэн эдийн засагт оруулав. Ингээд АН Засгийн эрх барьсан 4 жилд нийтдээ 49.8 их наяд төгрөгийг зах зээлд нийлүүлсэн юм. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн тараасан, их хэмжээний давуу эрхтэй жилийн 0.8-3 хувийн хүүтэй зээлээс цөөхөн тооны буюу ердөө 45 компани авсан. Тэдний 14 нь шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах үүрэг хүлээж 226.416.586.131 төгрөгийн зээл авлаа.
1. Ник” ХХК – 57.434.526.720
2. “Петростар” ХХК – 24.000.000.000
3. “Магнай трейд” ХХК – 42.501.995.520
4. “Шунхлай” ХХК – 35.293.427.520
5. “Сод монгол групп” ХХК – 20.480.000.000
6. “Петрожамп” ХХК – 1.392.960.000
7. “Жаст Ойл” ХХК – 18.718.902.931
8. “Мон петекс” ХХК – 8. 510.985.600
9. “Ойн бирж” ХХК – 7,283,787,840
10. “Хөрс авто сервис” ХХК – 1.144.000.000
11. “Монсуль” ХХК – 3.120.000.000
12. “Рысжан” ХХК – 2.080.000.000
13. “Ундарга Увс” ХХК -2.080.000.000
14. “Синчи ойл” ХХК -2.080.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан билээ.
Монголбанкны Үнэ тогтворжуулах хөтөлбөр зорилгоо биелүүлж чадаагүй. Шатахуун, мах, гурил, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой барина гэж амлаад их хэмжээний зээл авсан компаниуд энэ мөнгөө зориулалтаар нь зарцуулаагүй. Хөтөлбөрийн мөнгө үндсэндээ хэдхэн компанийг тэтгэх тэтгэмж болж очсон байна. Зах зээлд тодорхой нэг үнэ барьж, үнийн савалгааг үүсгэхгүй гэж гоё, сайхан амласан компаниуд хөнгөлөлттэй зээлийнхээ ихэнхийг зориулалтын бусаар зарцуулсан нь 2015 онд хийсэн аудитын шалгалтаар илэрсэн билээ.
Тухайлбал: Шатахууныг импортоор оруулж ирнэ гэж амласан “Хөрс автосервис” компани гэрээгээ зөрчин 389.4 сая төгрөгөөр шатахууныг дотоодын ААН-ээс худалдаж авч борлуулсан байв. Мөн 508.9 сая төгрөгөөр нь өмнө нь авсан зээлээ төлж, 579.4 сая төгрөгийг бэлнээр авч зарцуулсан байна.
– “Синчи Ойл” компани гэхэд мөн л авсан зээлээрээ Магнай трейд, Шунхлай, Хөвсгөл трейд, Петрожамп зэрэг дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авч, дамлан борлуулж, агуулахын түрээсийн төлбөрөө төлсөн байв. Шатахууны дамлан худалдаанд энэ компани 864.6 сая төгрөгийг зарсан байв.
– “Шунхлай” компани ч шатахуун импортлох үүргээсээ ухарсан. Энэ компани авсан зээлийнхээ 56.199.0 сая төгрөгийг өмнө авсан зээлээ төлөхөд зарцуулж, 20.029.9 сая төгрөгийг группын хооронд утга тодорхойгүй гүйлгээ хийхэд, 410.5 сая төгрөгийг санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөрт, 1.151.9 төгрөгийг мазут, битум, 922.4 саяыг дизель мотор худалдан авахад зарцуулж, Хьюндай моторс ХХК-д 875.3 сая төгрөг шилжүүлж, 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байршуулсан байна.
– “Ойн бирж” компани мөн л авсан зээлийнхээ 5.043.5 сая төгрөгийг өмнө авсан зээлээ хаахад ашиглажээ. Мөн 42.2 саяыг хувь хүний дансанд шилжүүлж, газын клонк, ШТС-ын сэлбэ авч, татварын өрөө төлсөн байдаг.
– “НИК” компани мөн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан зээлийн 1.844.5 сая төгрөгийг компанийнхаа зээлээ төлөхөд зарцуулж битум, тос зэрэг хэрэгтэй зүйлээ худалдаж авчээ.
– “Содмонгол” компани энэ зээлийн 358.1 сая төгрөгөөр мөн зээлийн хүүгээ төлсөн, Ундарга-Увс компани ч 1.340.2 сая төгрөгөөр дотоодоос шатахуун худалдан авч, мөнгийг хувь хүний дансанд шилжүүлсэн юм.
Аж ахуйн нэгжүүд ард иргэдэд үнийн дарамт үзүүлэхгүй хэмээн амлан байж авсан хөнгөлөлттэй зээлээ өөрийн юм шиг үрж, зарцуулж байхад Монголбанк зээлээс гадна ахин хөнгөлөлт өгч, 2013 оны нэгдүгээр сарын 25-наас 2015 оны 3 дугаар сарын 18-ны хугацаанд нийт 1.579.95 сая ам.долларыг энэ компаниудад хөнгөлөлттэй ханшаар худалдсан байна. Валютын худалдааг шатахуун татан авахад зориулсан хэмээн онцолсон байдаг ч энэ ханшийн хөнгөлөлтөөс Монголбанк нийтдээ 354.278.43 сая төгрөгийн алдагдал хүлээжээ. Энэ бол Монголбанкны алдагдлыг харуулсан ганц баримт. Өөр ийм хэмжээний алдагдал хүлээсэн олон арилжаа бий.
Ердөө 0.8-3 хувийн хөнгөлөлттэй, тэрбум тэрбумаар хэмжигдэх зээл авч, дээр нь Төв банкнаас хөнгөлөлттэй валют худалдан авч байсан энэ компаниуд импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшнийхээ жижиглэнгийн үнийг бууруулах боломжтой байсан. Гэвч тэд дэд хөтөлбөр хэрэгжих хугацаанд үнээ огт бууруулаагүй юм.
Яагаад үнээ бууруулахгүй байгаагаа нефть импортлогчид Засгийн газраас татварын зохицуулалт хийж байгаа гэсэн үгээр халхавчилж байсан. Ийм үгээр тэд ард иргэдийнхээ тархийг угааж байлаа.
Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэгт Цэрмаагийн турсан, Дагдангийн эхнэрийн таргалсан хоёр яг тэнцэнэ гэсэн өгүүлбэр бий. Түүн шиг Монголбанк энэ хөтөлбөрөөс нийтдээ 408.4 тэрбум төгрөгийн хүүгийн болон валютын ханшны алдагдал хүлээж байхад зээл авсан 14 аж ахуйн нэгжийн ашиг эсрэгээр өсч байсан юм. Аж ахуйн нэгжүүд ашиг:
-Анх хөнгөлөлттэй зээл олгосон 2012 1.6 хувь байсан бол
– 2013 онд 4.8 хувь
– 2014 онд 6.9 хувь
– 2015 онд 7.8 хувь болон нэмэгдэж байсан юм. Энэ бол зөвхөн татварын тайланд бичигдсэн ашиг гэдгийг нэмж хэлэх нь зөв байх.
Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, долларын ханш чангарч, төгрөгийн ханш унахад хамгийн их нөлөөлсөн байна. Энэ хугацаанд валютын ханшийг тогтоохын тулд Монголбанк 4 тэрбум доллараа ч гөвж, улсын нөөцөө сэгсрэх шахжээ.
Дүрс: Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монголбанкинд заавал байх ёстой валютын нөөцийг заасан байдаг. Гэвч нөхцөл байдал дээр Монголбанк энэ нөөцийг хангаж чадахгүй эрсдэлд орчихсон байв. Яагаад, юунаас болоод Монголбанк нөөцөө шахав!
Монголбанк 2012 онд 4 тэрбумын валютын нөөцтэй байсан бол 2016 онд 1 тэрбум болтолоо буурсан байв. Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2012-2017 онд нийт 7 тэрбум ам.долларын интервенц хийсэн ч төгрөгийн ханшаа тогтоож чадаагүй. Энэ нь жилд бараг 2 тэрбум ам.долларын интервенц хийсэн гэсэн үг юм. Дэлхийн банк, ОУВС зэрэг дэлхийн санхүүгийн байгууллагууд “Жилд хоёр тэрбум ам.долларын интервенц хийдэг улс Монголоос өөр байхгүй. Та нар галзуу юм шиг валют гаргаж байна. Ингэж болохгүй, болгоомжтой хандах ёстой’ хэмээн зөвлөсөн ч тоосонгүй.
Төв банк алдагдлаа нөхөхийн тулд үнэт цаас гарган, зах зээл дээрх илүүдэл мөнгийг татах ажиллагааг хийсэн ч нэмж хүүгийн алдагдал хүлээлээ. Хүүгийн алдагдалд 524 тэрбум төгрөг, валют арилжааны алдагдал 462 тэрбум төгрөгт хүрч, нөөцөө бүрдүүлэхийн тулд арилжааны банкуудтай своб форворд хэлцэл хийсэн ч дахин 1.7 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн юм. Гэхдээ энэ алдагдлыг эрх баригч АН сөрөг хүчнээсээ, хэвлэл мэдээллээс, олон нийтээс нууцалсаар байсан юм. Тэд үнэнийг тас нууж, харин ч эсрэгээр тайвшуурлах, мартуулах өөдрөг тайлбаруудыг өгч, удтал гүрийсээр байсан юм.
Бодит байдал дээр 2012 оны эхээр 1300 байсан доллар, 2017 он гэхэд 2400 хүрсэн бөгөөд монгол төгрөгийн ханш 2012-2016 онд 1104 төгрөгөөр буюу 80.8 хувиар суларсан билээ.
Монголбанкнаас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын тараасан зээлээс үр дүн гарсан уу. Орон сууцны үнэ буурсан уу. Олон нэрийн бараа, бүтээгдэхүүнүүд буурсан уу, түлш, шатахууны үнэ буурсан уу?
Энэ бодлого үр дүнгээ өгсөн бол инфляцийг тогтоож, үнэ тогтворжиж эдийн засаг эрүүлжчихсэн байх байв. Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлогддог, аж ахуйн нэгжүүд өсөн дэвжээд эхэлчихсэн байх байв. Гэвч Монголбанкны энэ бодлого үр дүнгээ өгөөгүй, ард иргэдэд ээлтэй байгаагүйг одоо бид бүгдээрээ харж байна.
Эндээс цөөн тооны л хүмүүс хожсон. Эндээс авлигын гэмт хэргийн гинжин хэлхээ гаарсан. Эндээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль төрсөн. АН Засгийн эрх барьж байсан 2015 оны наймдугаар сард батлагдсан энэ хуулийн хүрээнд хувь хүн, хуулийн этгээд нийлсэн 2057 татвар төлөгч нуун дарагдуулсан хөрөнгөө мэдүүлж, хариуцлагаас мултарч, мэдүүлсэн хөрөнгөө улсын нууцад багтааж чадсан билээ.
Аливаа санхүүгийн луйвар, гэмт хэрэг ул мөрөө заавал үлдээж байдаг. Энэ жишгийн дагуу 2012-2016 онд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, З.Баянсэлэнгэ, Ж.Оюунбаатар, Сангийн сайд асан Н.Батбаяр, дэд сайд асан Р.Эрдэнэбүрэн, О.Эрдэнэбулган, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гантөмөр, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн нарын албан тушаалтнуудад АТГ авлига, албан тушаалын гэмт хэргээр шалгагдсан. Зарим хэргүүд одоо ч шүүхийн шатанд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Тэдний хэргүүд энэ төсөл хөтөлбөрүүдтэй ямар нэгэн сэжимээр холбогдоод явчихдаг.
Монголбанк гэсэн Вант улсыг байгуулсан Н.Золжаргал ч 2017 оны наймдугаар сараас эхлэн АТГ-д албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгагдав. Н.Золжаргалыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа гадаад валютын нөөцийг нэмэх, зээлийн хүүгийн өсөлтийг бууруулах, ханшийн эрсдэлээс хамгаалах нэрээр 2014-2016 онд арилжааны банкуудтай 20 гаруй урт хугацаат своп хэлцэл хийсэн. Ингэхдээ журмаа зөрчиж, арилжааны банкуудад ашигтай гэрээ байгуулж, Төв банкийг их хэмжээний алдагдалд оруулсан.
Энэ он жилүүдэд Н.Золжаргалын төрсөн ах Н.Жаргалсайхан болон тэдний хүү, охины нэр дээр Австри Улс руу 650 мянган ам.доллар шилжсэн. Энэ мөнгийг Н.Золжаргалын эхнэр хүлээн авч, Австрид үл хөдлөх хөрөнгө худалдан авсан хэргээр шалгасан юм. Австрийн прокурорын газар энэ баримтыг Монгол Улсад шилжүүлсэн бөгөөд түүний хэрэг одоо шүүхэд шилжсэн байгаа.
Энд өгүүлсэн баримтууд муу үйлийг сайхнаар ярьж хийдэг зуршил Засгийн эрхийг атгасан хүмүүст төлөвшсөн байгааг харуулж байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэсэн сайхан нэртэй хөтөлбөрөөс алдсан Монголбанкны алдагдлыг улсын төсөв хүлээнэ. Төв банкны тухай хуулиар энэ алдагдлыг улсын төсвөөс хаадаг. Ийм замаар Монголбанк алдагдалгүй болж болно. Гэхдээ энэ ачаа харин аж ахуйн нэгж, ард иргэдийн нуруун дээр тэр чигээрээ бууж ирсэн юм.
Улсын аж ахуй гэдэг бол бүгдээрээ идэхийг хүсдэг боловч хэн ч сав суулга угаахыг хүсдэггүй тийм аж ахуй биш билээ. Эдийн засагт бий болсон эрүүл биш харилцаа, Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д багтах болсон шалтгаанууд Төв банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Золжаргалын алдаатай, завхралтай, авлигын шинжтэй гэмт үйлдлээс эхлэлтэй.
Эрх баригчдад мөнгө угаасан гэмт хэргүүдээ мөрдөн шалгаад эцэслэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох, тэдний гэмт хэргийн замаар олсон орлогыг хураан авах шаардлагыг өнөөдөр нийгэм ч, гадаад ертөнц ч хүчтэй тавьж байна. Дөрвөн жил алдаатай бодлого явуулж, улс орноо санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын байгууллагын хараанд өртүүлж, Саарал жагсаалтад бичүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн, ард иргэдийг эдийн засгийн энэ хар шуурга руу түлхсэн Төв банкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал ч бас хариуцлага хүлээх ёстой хүмүүсийн нэг мөн билээ.
Н.БАТАА