Хятадын Коммунист намын нууц бичиг баримтыг “Нью Йорк таймс” сонин олон нийтэд дэлгэжээ. Энэ баримт 400 гаруй хуудастай бөгөөд үүнд шашны цөөнх Шинжаан Уйгурын исламын шашинтнуудыг дахин хүмүүжүүлэх тухай асуудал багтсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Редакцийн тайлбарт баримтыг ХКН-ын гишүүн өгсөн гэж дурдсан бөгөөд энэ нь орон нутгийн эрх баригчдад өгөх удирдамж, зөвлөмжийн шинжтэй зүйл аж. Баримтад Шинжаан Уйгурын лалын шашинт иргэдийг дахин хүмүүжүүлэхийн тулд бөөнөөр хорих хуаран байгуулах, алга болсон хүүхдүүдээ эрэн хайсан эцэг эхчүүдэдийн уур хилэнг намжаахад хэрэглэх үг хэллэгийг заах гэх мэт аргачлалууд багтсан байжээ.
Тухайлбал, эцэг эхчүүд хүүхдээ сураглаж ирвэл “Засгийн газраас байгуулсан тусгай сургуульд суралцаж байгаа” гэж тайлбарлах бөгөөд “Энэ сургуульд хамрагдахгүй л бол шашны хэт даврах үзлийн аюулыг хэзээ ч ойлгохгүй” хэмээн хэлэх. Энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй бол хүүхдийг сургуулиас чөлөөлөх эсэхэд эцэг, эхийн зан байдал чухал үүрэгтэй гэдгийг ойлгуулах аргачлалуудыг багтаажээ.
Мөн энэ баримтад исламуудын эсрэг үзэл санааны удирдагч Ши Жиньпиний илтгэл ч бий гэнэ. Хятадын эрх баригчид Шинжаан Уйгурын өөртөө засах орны иргэдийг улс төрийн хэргээр баривчилж, дахин хүмүүжүүлэх лагерьт хорин тэвчишгүй хүнд хөдөлмөр эрхлүүлж, хүний эрхийг зөрчиж байгаа гэх олон улсын хардлага байгаа билээ.