Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийн ая тухтай, замын хөдөлгөөнд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй байх явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор загвар зураг төсөл боловсруулах уралдааныг аравдугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд зохион байгуулсан.
Тус уралдаанд дөрвөн баг оролцон долоон бүтээл ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжаар байгуулагдсан уралдаан дүгнэх комисс хуралдаж, Уралдааны удирдамж, даалгаварт заасан шаардлага, онцгой нөхцөлийг хангасан бүтээл ирүүлээгүй тул уралдааны хугацааг сунгаж, явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг дахин зарлахаар шийдвэр гарлаа.
Уралдаан дүгнэх комиссын шийдвэрийн дагуу явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулах уралдааныг 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд бүтээлийг хүлээн авна. Дараах байршлуудаас явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төслийг боловсруулсан байна.
- Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам дээгүүр 2-р буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
- Баянгол дүүрэг, 5-р хороо, 10-р хорооллын автобусны буудал орчимд явган хүний нүхэн гарц;
- Сонгинохайрхан дүүрэг, 6, 19-р хороо, Содон хороолол орчимд явган хүний гүүрэн гарц;
- Баянзүрх дүүрэг, 8, 12-р хороо, Цагдаагийн академийн өргөн чөлөө, ДХИС-ын урд талын автобусны буудал орчимд явган хүний гүүрэн гарц;
- Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Хүүхдийн ордон, Баянгол ресторан орчимд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
- Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын замд “Хүннү их дэлгүүр”-ийн урд талд тусгай замын автобусны буудал дээр баригдах явган зорчигчид зориулсан гүүрэн (эсвэл нүхэн) гарц;
- ЧД, 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
- Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Бага тойруу, Blue Mon, ШУТИС -ын уулзвар дээгүүр явган хүний гүүрэн гарц;
- Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Намънжугын гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц шинээр барих;
- Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Баруун Сэлбийн гудамж дээгүүр явган хүний гүүрэн гарц
Сонгосон байршилд явган хүний “Нүхэн болон гүүрэн гарц”-ны загвар зураг төсөл боловсруулахдаа гүүрийн загвар, хийцийг хүрээлэн буй орчин, ерөнхий төлөвлөгөө, хэрэгжихээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулан өнгө үзэмж сайтай, стандартад нийцсэн, шинэлэг шийдлээр төлөвлөсөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
- Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар – 321943
- Нийслэлийн Авто замын хөгжлийн газар – 325385
ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР