Гадаад харилцааны яамны ТНБД Д.Даваасүрэн НҮБ-ын Хүн амын сангийн БНХАУ-д суугаа Суурин төлөөлөгч, Монголыг хариуцсан захирал Бабатундэ Ахонсиг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
ТНБД Д.Даваасүрэн уулзалтын үеэр Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувиар НҮБ-ын үйл ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг зорьж ирснийг тэмдэглээд НҮБ-ын Хүн амын сангаас манай улсын хүн амын хөгжил, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, хүүхэд залуучуудыг чадавхжуулах, жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр дорвитой хувь нэмэр оруулан ажиллаж буйд талархал илэрхийлсэн байна.
Др. Бабатундэ Ахонси Монгол Улсын Засгийн газрын зүгээс НҮБ-ын Хүн амын сангийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, эх нярайн эндэгдлийг бууруулах, жендерийн тэгш бус байдлыг арилгах зэрэг тодорхой чиглэлээр үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Др. Бабатундэ Ахонси нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-д Суугаа НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчөөр томилогдсон ба 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголыг хариуцсан захирлаар ажиллаж байна.
Тэрбээр Нигери Улсын иргэн бөгөөд Лагосын Их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр дүүргэж, Эдийн засгийн болон улс төрийн шинжлэх ухааны Лондонгийн сургуульд Хүн ам судлалаар докторын зэрэг хамгаалсан ажээ.
Эх сурвалж: ГХЯ