Дундговь аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-аас аравдугаар сарын 28-аас эхлэн Олон Улсынхөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн бичил, жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан “Бизнесээ эхэл” таван өдрийн сургалт зохион байгууллаа.
Дани-Монголын нийгэмлэгийн санхүүжилтийн дэмжлэгтэйгээр “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-ын “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү сургалтад 16 бизнес эрхлэгч оролцож, бизнесийн суурь мэдлэгтэй болж, бизнесийн төсөл боловсруулах дадлага чадвар эзэмшсэн юм. Сургалтыг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл ” хөтөлбөрийн сургагч багш Д.Алтантогос удирдан явуулсан бөгөөд сургалтын төгсгөлд оролцогчдод Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир батламжийг гардуулан өгчээ.
Жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бизнес эрхлэх суурь мэдлэг дутагддагаас болж, төслөө өөр хүнээр төлбөр төлж бичүүлдэг хандлага түгээмэл байдаг. Тэгвэл энэхүү сургалтад суусан оролцогч өөрийн бизнес санааг хэрэгжүүлж, бизнесийн төслөө өөрөө боловсруулах мэдлэг, чадвар эзэмшиж чаддагаараа онцлог аж.
“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслийн аймгийн зохицуулагч Б.Өлзийсайхан “Сургалтад оролцогчид таван өдрийн турш нэг хамт олон бүлэг болж, цаашдаа клуб байгуулан тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хамтран нөлөөллийн үйл ажиллагаа явуулна. Бизнес эрхлэгчид зөвхөн зээл авахын тулд л төсөл бичдэг биш, ажил хэрэгтээ шийдвэр гаргах, бизнесээ төлөвлөгөөтэй хэрэгжүүлдэг тэр соёлд суралцах ёстой” гэлээ.