Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын багийн төлөөлөл өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа. Нэгдүгээр эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, лабораторийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, урологийн үзлэгийн хэсэг, нэгдүгээр давхрын коридорын хэсэг, эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийжээ.
Засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг, аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, цаг урьдчилан захиалах, хөдөө орон нутгийн иргэд нэгдсэн эмнэлгээрээ дамжуулж онлайнаар үзлэгийн цаг захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.
Засвар шинэчлэлийн ажилд нийт 600 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд 300 гаруй сая төгрөгийг улсын төсвөөс, үлдсэнийг хувийн аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Манай эмнэлэг засвар шинэчлэлийн ажлаас гадна иргэдэд хүндрэл чирэгдэл гаргахгүй үйлчлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэд лабораторийн шинжилгээ өгөхөд чирэгдэл их гардаг байсан. Учир нь манай эмнэлэг төсөвтөө тохируулан шинжилгээ авахад дараагийн сарын төсөв гартал үйлчлүүлэгчид хүлээх болдог учир иргэд хувийн лабораторид очдог. Зарим нь 100 хувь баталгаагүй шинжилгээний хариу авчирдаг.
Тэгэхээр энэ байдлыг болиулж эмнэлэгтээ авдаг болох тал дээр эмнэлэг ажиллаж байгаа. Манай эмнэлгийн хувьд 2024 он хүртэл мастер төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. 2020 онд амбулаторийн хэсгийн засвар, үйлчилгээг 100 хувь цэгцэнд нь оруулна. 2021 онд хэвтэн эмчлүүлэгчдийн хэсгийн орчны шинэчлэлтүүдийг хийхээр төлөвлөсөн. Иргэд улсын эмнэлгээр тав, тухтай, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Мөн энэ ажлын хүрээнд аймаг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдэд тусламж үйлчилгээ, сургалт арга зүйн зөвлөгөө зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулж, “Салбарын хөгжилд хамтдаа” уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна” гэв.