Монголын ашигт малтмалын тээвэр эрхлэгчдийн “Арвин зам” холбооноос дотоодын тээвэр эрхлэгчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийж, Уул уурхайн сайд болон Зам тээврийн сайд, Эрдэнэс таван толгой ХХК-д шаардлага хүргүүллээ.
Эрдэнэс Тавантолгойн чиглэлд хоёр янзаар тээвэрлэлт явагддаг бөгөөд жолооч нар Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэл нэг талдаа 221 км туулдаг бол Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомт хүрэхэд 50 км туулдаг аж.
Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд яваг жолооч нарын ашиг нь 420,000 төгрөг
“Арвин зам” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Буман-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэлх замд дотоодын жолооч нар явдаг бол Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц мод боомтод Хятад эзэнтэй компанийн машинууд явж байна. Гэтэл Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас Цагаан хад хүртэл 420 км-т тээвэрлэлт хийхэд 75 юань байхад БНХАУ-ын хөрөнгө оруулагч эзэдтэй тээвэрлэгчид 100 км-т 90 юаниар тээвэрлэлт хийж байгаа нь харамсалтай.
Өөрөөр хэлбэл, Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд явдаг жолооч нарын ес дахин илүү зардлаар ес дахин илүү зам туулж тээвэрлэлт гүйцэтгэсэн ашиг нь 420,000 төгрөг. Харин богинын тээвэрлэлтэд ашиг нь 2.3 сая төгрөг байна.
Энэ чиглэлд худалдан авагч нь хэнээр тээвэрлүүлэхээ мэддэг учраас монгол тээвэрчид явах ямар ч нөхцөл байхгүй. Уг нь Зам тээврийн сайд Монгол Улсын нутаг дэвсгэрт явж байгаа ачаа тээвэр, хүн тээврийн жишиг тариф тогтоох журмыг баталсан. Гэвч энэ журам нүүрс тээвэрлэлт дээр мөрдөгдөхгүй байна. Хэрвээ журам мөрдөгдвөл уртын тээвэрлэлтийг 125 юанаар гүйцэтгэх боломжтой.
Гэтэл одоо бүр Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд ганцхан БНХАУ-ын “Чалко” компанитай гэрээтэй болсон учраас 420 мянгын тээвэрлэлтэд ч дотоодын тээвэрлэгчид явах боломжгүй болсон. Иймд бид нүүрс тээвэрлэх явцад бий болж буй хятадуудын давуу эрхийг арилгаж, дотоодын хөрөнгө оруулалттай компаниудыг ажлаар хангах тал дээр төрөөс арга хэмжээ аваасай гэж хүсэж байна” гэв.
Шаардлагыг хүлээж авахгүй бол Цагаан хадны гаалийн бүсийг хаах зэргээр тэмцлийн хэлбэрт шилжинэ
“Арвин зам” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Сэргэлэн “Эрдэнэс Тавантолгой Цагаан хад чиглэлд одоогийн байдлаар 174 аж ахуйн нэгжийн 13 мянга орчим тээвэрлэгчид ажиллаж байгаа бөгөөд үүний 20 хувь нь буюу 2,600 гаруй нь л дотоодын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч байна.
Дотоодын тээвэрлэгчид гэдэг нь Монгол эзэнтэй тээвэрлэгч компанид бүртгүүлсэн тэндээсээ өөрсдөө ашиг орлого олж байгаа хувьдаа машинтай Монгол иргэдийг хэлж байгаа юм.
Харин Хятад тээвэр гэдэг нь тээвэрлэлтийг нь монгол жолооч нар гүйцэтгэдэг ч машины эзэд нь БНХАУ-ын иргэн, аж ахуйн нэгж гэсэн үг. Ашиг малтмалын тээврийн салбарт төрөөс тавьж байгаа бодлого юу ч алга. Тухайлбал, Эрдэнэс Тавантолгой компанитай бид тээврийн хариуцлагын гэрээ хийдэг ч тээвэрлэлт хийх явцад гарах эрсдлийг тоож үздэггүй.
Мөн нүүрс худалдан авч байгаа хятад аж ахуйн нэгжүүдэд Эрдэнэс Тавантолгой компани зохицуулалт хийх боломжтой. Нэг худалдан авалтын гэрээнд 200 машинаар тээвэрлэлт хийхээр тусгасан тохиолдолд ядаж 30-40 хувьд нь Монгол тээвэрчдээ оруулахаар тусгаж болно” гэсэн юм.
Мөн жишиг тарифыг зайлшгүй мөрдүүлэх хэрэгтэй. Төрийн бодлогогүйгээс болж Хятадууд тээвэрлэлтийн үнийг тогтоогоод байна. Энэ жишиг тарифаа мөрдүүлэн 125 юань биш бол ядаж 90 юаньд хүргэж өгөх хэрэгтэй. Өнөөдрийн тавьсан шаардлагыг хүлээж авахгүй, заасан хугацаанд хариу өгөхгүй бол Цагаан хадны гаалийн бүсийг хаах, Эрдэнэс Тавантолгойн тээвэрлэлийн замыг хаах зэргээр тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдэв.
Тээвэрлэлтийн нэг захиалга орж ирэхээр дандаа Хятад эзэнтэй мөртлөө Монгол нэртэй компаниуд авчихдаг
Улс ван тээвэр компанийн захирал З.Ганзориг “Тэнд ажиллаж байгаа дотоодын хөрөнгө оруулалттай буюу Хятадтай ямар нэг байдлаар холбоогүй жолооч нарын ихэнх нь машинаа зээлээр авсан учраас гэртээ ч харьж чадахгүй, хийх ч ажил байхгүй хүнд байдалтай байна.
Тээвэрлэлтийн нэг захиалга орж ирэхээр дандаа Хятад эзэнтэй мөртлөө Монгол нэртэй компаниуд авчихдаг. Монголын цөөхөн хэдэн компани орох гэхээр оруулдаггүй. Зарим нь тээвэр хийлгүй бараг хоёр сар болох гэж байна. Эрдэнэс Тавантолгой компани зүгээр л хятад тал нүүрсээ худалдаж авч л байвал болно гэсэн байдлаар хандаж, тээвэрлэлтэд анхаарлаа хандуулдаггүй.