АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампыг хариуцлага алдсаных нь төлөө албан тушаалаас нь огцруулах үйл явцыг албан ёсоор эхлүүлэх тухай тогтоол баталлаа. Энэ тухай Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси санал хураалтын дараа мэдэгджээ.
Итгэл үзүүлэх эсэх үйл явцыг явуулах журмыг тусгасан уг тогтоолыг батлахыг 232 гишүүн дэмжсэн бол 196 нь эсэргүүцжээ.
Энэ асуудлыг хэлэлцэх явцад хүлээж байсанчлан намын харьяаллаар хуваагдмал байдал үүсэж, Бүгд найрамдах намын гишүүд /194, гурван гишүүн санал хураалтад оролцоогүй/ эсэргүүцсэн бол Ардчилсан намынхан /231, нэг хүн оролцоогүй/ дэмжсэн байна. Үүний зэрэгцээ Ардчилсан намын гишүүдээс хоёр хүн уг тогтоолыг батлахыг эсэргүүцсэн санал өгчээ. Ардчилсан намынхантай хамт бие даагч нэг хууль тогтоогч тогтоолыг дэмжсэн байна.
Ардчилсан намынхан олонхын суудал эзэлдэг Төлөөлөгчдийн танхимын гишүүд Д.Трампт итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлснээ өнгөрөгч есдүгээр сарын 24-нд мэдэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй долдугаар сард утсаар ярихдаа шахалт үзүүлсэн гэх дуулиан шуугиан итгэл үзүүлэх эсэх үйл явцыг эхлүүлэх шалтгаан болсон юм. Д.Трамп 2020 онд төрийн тэргүүнээр дахин сонгогдохын тулд Владимир Зеленскийд шууд бусаар шахалт үзүүлэн Киевийн дэмжлэгийг авахыг оролдсон гэж Ардчилсан намынхан үзэж байгаа аж.
Баримт бичигт заасны дагуу Д.Трампын үйл ажиллагааг мөрдөн шалгахыг тагнуулын хороонд үүрэг болгожээ. Хэрэв тэрбээр буруутай нь нотлогдвол Төлөөлөгчдийн танхимд өргөн барих юм. Буруутай гэж тогтоосон дор хаяж нэг хэргийг хууль тогтоогчид олонхын саналаар дэмжвэл Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх үйл явцыг албан ёсоор эхлүүлэх боломжтой болох бөгөөд энэ асуудлыг Сенатын танхимаар хэлэлцүүлнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулахын тулд Сенатын танхимын гишүүдийн гуравны хоёрынх нь санал шаардлагатай. Харин Сенатад Бүгд найрамдах намын гишүүд олонхын суудалд эзэлдэг билээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг