Монгол Улс, ХБНГУ-ын Зэвсэгт хүчин энэ жил анх удаагаа “Уулын явган цэргийн сургалт”-ыг хамтран зохион байгуулж байна. Сургалтыг ХБНГУ-ын Бундесверийн Уулын сургалтын хөдөлгөөнт бүлгийн дарга, дэд хурандаа Ё.Швеглер удирдан явуулж байгаа юм. Түүнийг дугаарын зочноор урилаа.
-Бундесверийн Уулын явган цэргийн 23 дугаар бригадыг дэлхийн үзэсгэлэнт газруудын нэг Альпын нуруунд байдаг гэж сонсож байсан. Уулын бүсэд гэхээр их сонирхолтой санагдаж байна. Та ажлынхаа талаар манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Манай бригад зөвхөн уулын явган цэргээр хязгаарлагдахгүй. Тагнуул, хангалт үйлчилгээ, инженер сапёр зэрэг олон төрөл мэргэжлийн батальонуудтай. Үүнээс голлох чиглэл нь уулын явган цэрэг. Уулын явган цэрэг гэж нэрлэдэг хэдий ч бид шүхэрт десантын үүргийг давхар биелүүлдэг. Тэгэхээр аль, алинаар нэрлэж болно.
Нэг өдрийн ажлыг тань сонирхвол …
-Зарим хүн уулын цэрэг гэхээр үргэлж ууланд авиралт хийдэг гэж ойлгож магадгүй. Манай бригад уул хадаар хязгаарлагдахгүй, хот болон ой мод доторх байлдааны ажиллагаа, иргэн-цэргийн харилцаа гээд олон чиглэлээр сургалт, дадлагыг явуулдаг. Мэдээж өвөл, зунгүй хаданд авирч, уулын бүсэд үүрэг гүйцэтгэх чадавхаа нэмэгдүүлнэ. Уулын цэрэг хүн ямар үүрэг гүйцэтгэх ёстой, тэр бүх чадварыг төгс эзэмшихийн тулд сургалтаа тасралтгүй явуулдаг.
Танай бригад өдөр тутмынхаа үйл ажиллагаанд морь ашигладаг гэсэн. Морьтой үүрэг гүйцэтгэдэг орнуудын нэг нь танайх бас манайх. Энэ тухайд?
-Бундесверийн Уулын явган цэргийн 23 дугаар бригад морьдыг ашиглаж ирсэн олон зуун жилийн түүхтэй. XXl зуун гарч хүн төрөлхтөн техник, технологийн хөгжлийг салбар бүрт нэвтрүүлснээр бид ч морьдыг үйл ажиллагаанаасаа аажим аажмаар гаргасан. Энэ үед ашиглах шаардлагатай, шаардлагагүй гэсэн мэтгэлцээн олон удаа болж байсан. Бид 2000 оны эхээр Косовод үүрэг гүйцэтгэсэн юм. Нисдэг тэргээр хангалт үйлчилгээ хүргэхэд их хүндрэлтэй тийм л уулархаг бүсэд үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед галт зэвсэг тээвэрлэх зориулалтаар морьдыг дахин ашиглах шаардлагатай юм байна гэж дээд удирдлагаас шийдсэн юм. Одоо манай бригад 80 гаруй морьтой. Уулын бүсэд үүрэг гүйцэтгэхдээ уналга, ачлагын чиглэлээр ашиглаж байна.
-Монгол Улсын Зэвсэгт хүчин энэ жил “Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдааныг зохион байгуулсан. Энэ уралдаанд оролцох нөөц бололцоо байгаа юм байна…
-Тийм ээ. Тэр уралдааны талаарх зургуудыг харсан. Их сонирхолтой санагдсан шүү.
Манай улсын цэргийн алба хаагчдын сурах арга барил ямар байна вэ?
-Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид маш их тэсвэр тэвчээр, хатуужилтай юм байна. Бас сурах хүсэл эрмэлзэл дүүрэн бөгөөд их богино хугацаанд заасан хичээлийг өөрийн болгон эзэмшиж байна. Тэдний суралцах чадвар өндөр байгаа нь байгаль дэлхийтэй ойрхон өссөнтэй нь холбоотой байх.
–
Ууланд авирахад хоёр дахь боломж гэж байдаггүй, хамгийн эрсдэлтэй спорт гэдэг. Та хэдэн жил хичээллэж байна вэ?
-Уулын спорт тэр чигээрээ эрсдэл. Өрсөлдөгч, үзэгч гэж байхгүй. Зөвхөн өөрийгөө ялахын төлөөх спорт. Би багаасаа ууланд өссөн бөгөөд 30 жилийн туршид уулын явган цэргийн офицероор үүрэг гүйцэтгэж байна. Надаас “Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?” гэж асуувал бас л “Ууланд авирах” гэж хариулна. Энэ миний хамгийн дуртай ажил. Бид зөвхөн авирдаггүй. Ууланд байлдааны ажиллагааны сургалт, дадлага явуулах нь гол ажил. Өөрөөр хэлбэл герман цэргүүд ууланд алхдаг, авирдаг биш ууланд байлдах чадвартай гэсэн үг.
-Таны энгэрт байгаа тэмдэг их онцгой юм. Ямар утгатай юм бэ?
-Хуурай замын цэргийн уулын газарчин, хөтчийн тэмдэг. Энэ тэмдгийг авахын тулд олон шаардлага биелүүлсэн байх ёстой. Их хөлс хүч, үнэ цэнээр ирдэг юм.
-Монгол орны талаарх таны сэтгэгдэл …
-Анх удаа ирлээ. Нийслэл нь дэлхийн том хотуудаас ялгаагүй санагдсан. Бум бужигнасан. Харин хөдөөгүүр явахад нам гүм, тайван сайхан. Байгаль дэлхий нь үнэхээр үзэсгэлэнтэй. Уулчин хүн болохоороо сүрлэг сайхан уулсыг нь хараад цас орохоор ямар харагдах бол, авиралт хийхэд хэр тохиромжтой бол гэж бодож явлаа. Монгол Улсад энэ чиглэлээрээ дахин ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Эх сурвалж: “Соёмбо” сонин, дэслэгч Д.Болор