Аз жаргалын яам гэхээр хачин хэрнээ сайхан сонсогдож байгаа биз. Гэхдээ төрөөс хүнийг яаж аз жаргалтай болгоно гэж?
Дэлхий дээр Аз жаргалын яам үнэхээр үйл ажиллагаа явуулдаг нэгэн улс бий. Хималайн нуруунд Бутан хэмээх нэгэн жижигхэн хаант улсад ийм яам оршдог. Энэ улсын Аз жаргалын сайд Дорж Пенжо Москвад Бүс нутгийн нийгмийн инновацийн форумд туршлагаа хуваалцахаар иржээ. Энэ форумд бүхий л дарга нар пиджак, зангиа зүүсэн байхад тэр богино халаттай төстэй үндэсний хувцсаараа гоёсон байх аж. Гхо хэмээх энэ хувцас нь Бутаны өндөр албан тушаалтнуудын дресс код нь гэнэ. Түүнтэй “Комсомольская правда”-гийнхан ярилцсаныг орчуулан хүргэж байна.
-Бутан улс иргэдээ төрөөс үнэхээр аз жаргалтай болгоно гэж үздэг хэрэг үү? Эсвэл бид Москвад, эсвэл Хималайд амьдарч байгагаасаа үл хамааран хүн бүр өөрсдийнхөө аз жаргалын түлхүүр юм уу?
-Төрөөс аз жаргалын нөхцөлийг нь бүрдүүлэхийг хариуцдаг юм. Яг л боловсрол, эсвэл эрүүл мэндийг нь хариуцдагтай адилхан. Төрийн үйл хэрэг бол иргэдээ үнэгүй боловсрол олж авах боломжоор хангах явдал. Хүн сургуульдаа, эсвэл их сургуульдаа сурна уу, байна уу гэдэг тухайн хүний л хэрэг. Бид хүнийг хүчээр сургаж чадахгүй, энэ бол хүний эрх зөрчсөн хэрэг. Гэхдээ бид боловсролын сурталчилж чадна. Үүнтэй адил хүн эмчид үзүүлэх боломжтой байх ёстой, үүнийг төрөөс хангах ёстой. Гэхдээ эрүүл мэнд бол юун түрүүнд бидний амьдралын хэв маягаар шалтгаална.
Аз жаргалыг хэрхэн хэмждэг вэ?
Дорж Пенжогийн хувьд боловсрол, эрүүл мэндийг зүгээр ч нэг хөндөөгүй юм. Энэ бол Бутаны концепцийн дагуу аз жаргалын чухал бүрдэл хэсэг юм. Гэхдээ энэ хоёроор хэмжигдээд дуусахгүй. Бутанд Үндэсний дотоодын аз жаргалын индексийг 9 гол үзүүлэлтээр грагадаг. Сэтгэл санааны байдал, эрүүл мэнд, цаг ашиглалт (ажил амралт, гэр бүл, хоббины хоорондын тэнцвэртэй байдал), боловсрол, соёл, зөв удирдлага, экологи, амьдралын чанар, нийгмийн харилцаа гэх мэт асуудлаар хүн амын дунд тодорхой санал асуулга явуулах замаар 2008 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
-Арван жилийн турш аз жаргалыг тогтмол хэмжсэнээр та бүхэн юу ойлгож авав? Хүнийг юу аз жаргалтай болгодог вэ? Магадгүй нэг үзүүлэлт нь бусдаасаа илүү чухал байдаг уу?
-Эрүүл мэнд. Үндэсний дотоодын аз жаргалын индекст хамгийн өндөр оноо авдаг нь энэ үзүүлэлт юм. Гэхдээ би нийгмийн харилцаа, нийгмийн амьдрал илүү чухал гэж дотроо боддог.
-Бутаны хүн ам илүү аз жаргалтай болсон уу? Индекс хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Тийм ээ, бид үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Хоёр салбарт үзүүлэлт муудсан. Энэ бол нийгмийн амьдрал болон сэтгэл санааны байдал. Бусад үзүүлэлтээр сайжирсан. Гэхдээ бүгд өөр өөрөөр илэрч байна. Тухайлбал, эрчүүд боловсролын салбарт илүү аз жаргалтай болсон бол эмэгтэйчүүд нийгмийн амьдралаас аз жаргалаа олж авч байна. Хотын иргэд хөдөөгийн иргэдийг бодвол амьдралын чанар, эрүүл мэнд гэсэн шалгуураар илүү аз жаргалтай байна. Харин хөдөөгийнхөн (Бутан бол хөдөө аж ахуйн орон бөгөөд хотуудад хүн амны 20 хувь нь л аж төрдөг.) сэтгэл санааны байдал, цаг ашиглалт зэрэгтээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж өндөр цалинтай хүмүүс бага цалин авдаг хүмүүсийг бодвол илүү аз жаргалтай. Гэхдээ үүгээр аз жаргалын гүн шалтгааныг тайлбарлаж болохгүй, бусад зүйлсийг нь ч гэсэн харах ёстой юм. Мөнгөнөөс аз жаргалын 5 хувь нь шалтгаалдаг.
Аз жаргалын яам гэдэг бол Эрүүл мэндийн яам, Гэгээрлийн яам нэг саванд байна гэсэн үг юм. Дээр нь Байгалийн нөөц, хөдөө аж ахуйн яам орно. Нэг талаас үзвэл ийм. Бутанд аз жаргал гэдэг бол сэтгэл санааны ойлголт бус, эдийн засгийн ойлголт юм. Үндэсний дотоодын аз жаргалын комиссыг Ерөнхий сайд нь ахалдаг. Үүнийг нэмэгдүүлэх үүрэг бол улсын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөнд багтдаг зүйл юм.
Хувь тавилан ийм юм…
“Бидний аз жаргал бол ха-ха хи-хи гэсэн зүйл биш” хэмээн Бутаны Ерөнхий сайд саяхан CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ. “Бид хүний амьдралыг сэтгэл ханамжтай байлгаж, оюун ухаан, хүслээ хянаж сургах зорилготой. Бусдад атаархахгүй, байгаадаа сэтгэл хангалуун байх, хэн нэгний зовлон шаналал, аз жаргалыг хуваалцах нь аз жаргалтай байна гэсэн үг” гэж тэр хэлсэн аж. Аз жаргалын индексийн санал асуулга олон цаг үргэлжилдэг байна. Зарим асуулт нь биднийг үнэхээр их гайхшируулсан юм.
-Бид хүмүүсээс хувь төөргийн хуулийн талаар юу гэж боддог вэ гэж асуудаг, – хэмээн Дорж Пенжо өгүүлэв. Хувь төөргийн хуульд итгэдэг хүн амьтны амь тасалж, хулгай хийж, худал ярьж, муухай өвчний халдвар авч, эхнэрээ хуурсан бол аз жаргалтай байж чадахгүй. Бас бид сайн үйл бүтээдэг үү гэж асуудаг. Хүмүүсээс мөн бясалгал хийдэг эсэхийг асуудаг. Бүхий л шашинд мөргөл гэж бий. Харин бясалгал бол буддизмд л байдаг зүйл. Энэ бүхэн манайх шиг жижиг улсад үйлчилдэг, олон үндэстэнтэй улс оронд шууд нэвтрүүлэхэд хэцүү зүйл гэж боддог. Өрөвч нинжин сэтгэл, түүнтэй холбогдсон сайхан үйлс гэдэг гайхалтай ч бидэнд болон бидний аз жаргалын ойлголтод хэрэгтэй олон чухал зүйлийг буддизмаар тайлбарлаж болдог.
-Жишээ нь?
-Буддын үзэл бол байгаадаа сэтгэл хангалуун байх, өөрийгөө бусадтай харьцуулахгүй байхыг хэлнэ. Бид материаллаг үнэт зүйлсийн араас хөөцөлддөггүй. Бид хэзээ нэгэн цагт үхэх нь тодорхой. Тиймээс бид хэчнээн мөнгөтэй вэ гэдгээс илүү юу хийж амжуулсан бэ гэдэг нь чухал юм. Бусад аль ч шашинд хүнийг аз жаргалтай байхад тусалдаг үзлийг амархан олж болно.
-Бутан улс баяр, хөгжим, хувцас гээд уламжлалаа маш хүчтэй хадгалдаг. Энэ нь аз жаргалтай байхад тустай юу?
-Тийм ээ. Хэрэв та бусдын соёлыг дууриавал та анхдагч биш хоёрдогч хүн болж байна гэсэн үг. Харин бид хэн бэ гэдгээ мэдэж байгаа тохиолдолд хэнийг ч даган дууриах шаардлагагүй. Соёлоо хадгалж үлдэж чадаж байвал үнэхээр гайхалтай хүн юм. Энэ л маш чухал. Хүн аз жаргалтай байхын тулд удам угсааныхаа мэдрэмжийг дагах хэрэгтэй. Энэ бол бидний зогсож байгаа суурь юм. Соёл ч тэр, түүх ч тэр, шашин ч тэр.
-Та бүхэн байгальдаа ч мөн нинжин сэтгэлээр ханддаг. Байгалийн сайхан зураглалд даяан хийж, зугаалах нь аз жаргалтай тустай юу?
-Байгальд даяан хийж, байгалийн сайхныг бишрэх нь үнэхээр тустай. Өвчтэй хүмүүс өрөөний хана биш, цонхны цаадах сайхан зураглалыг хараад байвал амархан эдгэрдэг гэдгийг нотолсон судалгаа ч бий.
Зугаалгын тухайд… Компьютер дээр ажилладаг, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст зугаалах нь ашигтай. Хэдийгээр тун хурдан аз жаргалтай болгохгүй ч гэлээ илүү бүтээлч болгоно. Бутанд бид бараг зугаалдаггүй юм. Бид зүгээр л нэг газраас нөгөө рүү алхчихдаг. Орчин цагийн хотын соёлд алхах нь эрүүл мэндэд ашигтай гэдэг шүү дээ. Тосгодод хэн нэгэн зугаалах уу? Хүн юуг ч хий дэмий хийх ёсгүй байдаг юм. Явмаар, зугаалмаар байвал ядаж л нэг юмыг нөгөө газарт хүргэх зэрэг илүү ашигтай зүйл хийх хэрэгтэй шүү дээ. Аливаад утга учир гэж бий.
Хоёр ертөнц, хоёр аз жаргал уу?
Бутанчуудын 8% “гүнээ жаргалтай”
35% – маш их аз жаргалтай
48% – “зүгээр л” аз жаргалтай.
Тэгэхээр хүн амын 9 хувиас бусад нь буюу бараг бүгдээрээ аз жаргалтай байгаа биз. Энэ бол Бутанд явуулсан санал асуултын үр дүн юм.
Тэгвэл Бутан улс дэлхийн хамгийн аз жаргалтай улсуудын албан ёсны рейтингт яагаад сүүл мушгидаг юм бол? Асуудлын гол учир нь шалгуур өөр байдагт оршино. НҮБ-ын рейтингт хүн амд ногдох ДНБ (Бутан улс үүнийг анхаардаггүйг мэдэж авсан), нийгмийн дэмжлэг, хүн амын наслалт, нийгмийн эрх чөлөө, өгөөмөр байдал, авлигагүй байдал зэргийг харгалздаг.
Тэгвэл Бутаны төрийн статистик худлаа аяглаад байна уу? Баруунд үндэсний дотоодын аз жаргалыг “зөөлөн хүч” гэж нэрлэдэг. Бутан болохоор үүнийг Хималайн хаант улсынхаа имижийг бүрдүүлэхэд, энд цэцэн мэргэн хүмүүс бидний мэддэггүй чухал зүйлсийг мэддэг гэдэгт анхаарал хандуулах зорилготойгоор ашигладаг. Үнэн хэрэгтээ энэ улсад хүн бүр аз жаргалтай байх боломжгүй олон үзүүлэлт бий. Ажилгүйдэл, ядуурал, дэд бүтэц байхгүй зэрэг.
Нөгөө талаас үзвэл боловсрол, эрүүл мэнд үнэгүй. Хөдөөгийн иргэдэд цахилгаан бараг үнэгүй. СО2-ын ялгарал энд бараг байхгүй. Тэгэхээр юуг шалгуураа, давуу талаа болгодог нь харагдана.
ДЭЛХИЙН ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ УЛСУУДЫН РЕЙТИНГ
1 Финлянд
2 Норвеги
3 Дани
4 Исланд
5 Швейцарь
…
20 АНЭУ
…
59 Орос
…
97 Бутан
…
133 Энэтхэг
НҮБ-ын Тогтвортой хөгжилд зориулан Дэлхийн түншлэлийн шинжээчдийн явуулсан World Happiness Report 2018-ын мэдээллээс үзэхэд ийм байна. Энэ рейтингт нийт 156 улс оржээ.
Эх сурвалж: kp.ru.mn