Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тодруулбал Л нь Баян-Өлгий аймаг дахь салбар Ховд их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн 07.00 цагт гараад эргэж ирээгүй байна.
Мөн өдөр аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй учир Ховд голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 25-ны өдөр гаргажээ. Тэгвэл өнөөдөр /2010.10.30/ 13.00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид сураггүй алга болсон 23 настай эмэгтэйн цогцосыг Ховд голоос олсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22 хүн аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл тав дахь өдрөө эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байсан юм. Эрэн хайх ажиллагаагаар Ховд голын 2-3 метрийн гүнд дөрвөн удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.