Ховд нутгийн зон олон язгуур соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа “Дэлхийн дээд амжилт”-д бүртгүүлэхэд бэлэн болжээ. Өнөөдөр болох энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэг, “Ховд” их сургууль, “Хөгжил” политехник коллеж, Зэвсэгт хүчний 123-р ангийн авьяаслаг залуус, хүүхэд багачууд болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцож байгаа юм байна. Ийнхүү таван настай балчраас эхлээд 83 настай улсын тэргүүний уран сайханч буурай хүртэлх 1400 гаруй хөөмийч монгол хөөмийг Гиннесийн номд бүртгүүлэх сорилтод оролцож байгаа ажээ.
Түүнчлэн монгол хөөмийгөө дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэх түүхэн үйл хэрэгт оролцохоор Улаанбаатар хот болон бусад аймгууд, мөн Бүгд Найрамдах Тува Улс, ӨМӨЗО-ы хөөмийчид хүрэлцэн иржээ. Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх энэхүү үйл ажиллагаа яг одоо эхэлж байна. Английн Лондон хот дахь Гиннесийн амжилтын хорооны шүүгчид Ховд аймагт хүрэлцэн очсон байна.