Засгийн газраас Эрүүгийн багц хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг өөрчлөлтөөр зарим төрлийн гэмт хэрэгт ногдуулдаг ял шийтгэлийг чангатгахын зэрэгцээ Зөрчлийн хуулиар шийдэгддэг байсан “бусдыг гүтгэх” зэрэг үйлдлийг эрүүгийн хуулиар шийтгэдэг болох зэрэг асуудлууд тусгажээ. Эрүү, Зөрчлийн хууль болон дагаж мөрдөг хуулиудад оруулах өөрчлөлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хуулийн бодлогын газрын дарга П.Сайнзоригоос тодрууллаа.
-Гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах үндэслэл нь юу вэ?
-2015 онд Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиас хасч зөрчилд тооцсон. Энэ хугацаанд тодорхой хэмжээний шүүмжлэлүүд гарч байсан. Монгол Улсын Үндсэн хуулиар иргэний нэр төр, алдар хүндийг хамгаалах заалт бий. Нөгөө талд нь үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал яригдана. Энэ эрх чөлөөний асуудлуудад тэнцвэртэй байдлаар байдлаар хангаж авч үзэх шаардлагатай.
Нөгөө талаар тодорхой нэр усгүй хаягаас бусдыг гүтгэх доромжлох асуудал гарч байна. Үүнийг Иргэний журмаар зохицуулах ямар ч бололцоо байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн хаягийн ард ямар хүн байгааг хууль хяналтын байгууллагын оролцоотойгоор тогтоож байж дараа нь эргээд тэр хүн иргэний журмаар нэр төрөө сэргийлгэх, учирсан хохирлоо барагдуулах асуудал байна. Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохтой холбоотойгоор хорих ял оногдуулахгүй. Мөн төрийн байгууллага хохирогч болохгүй, улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй байх заалтыг оруулж байгаа.
-Гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулбал иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхтэй харшлах юм биш үү?
-Бусдыг гүтгэхгүй, доромжлохгүй бол хэнд ч үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулиар иргэн бүрт олгосон бүрэн эрх.
-Улс төрд нөлөө бүхий этгээдийг гэмт хэрэгт хардсан, сэрдсэн бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцохгүй байх гэдгийг тайлбарлахгүй юу?
-Улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг нь тодорхой хэмжээний сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн эрх мэдэлтэй, эргээд олон нийтийн шүүмжлэл, хараа хяналтын дор үйл ажиллагаа явуулдаг этгээд. Тэдний үйл бүрийг шүүмжилсэн бүхэн гүтгэх гэмт хэрэгт хамаарахгүй гэсэн зүйлийг л энд хэлж байгаа юм.
Олон нийтийн сүлжээгээр бусдыг доромжлох, гүтгэх асуудалд ялын санкц нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх асуудалд нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
-Торгуулийн арга хэмжээний тухайд?
-Зөрчлийн хуулийн торгуулиас буурсан. Зөрчлийн хуульд хувь хүнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгодог байсан бол бууруулж оруулж ирж байгаа. Гэхдээ энэ үйлдэлд тодорхой эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Үүнийг зөвхөн хэвлэлийн байгууллага талаас нь харах хэрэггүй. Монгол Улсын Үндсэн хуулиар хүний нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаалах асуудал байна.
Гэхдээ технологи хөгжсөн энэ үед иргэн Дорж, Дулмааг хэн нэгэн нүүрээ нуусан этгээд олон нийтийн сүлжээгээр гүтгэж, доромжлох асуудал гарна. Гэтэл иргэн Дорж, Дулмаа иргэний хэргийн шүүхээр яваад тэр хаягны цаана хэн байгааг олж чадахгүй. Тиймээс энэ асуудалд хуулийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр шалгаж тогтоох асуудал яригдана.
-Хуулийн төсөл дэх “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэдэг зүйл ангид хохирогчдыг 14-18 нас хүртлэх, бага насны хүүхэд гэж ангилсан байсан. Яагаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийг насаар нь ангилсан юм бэ?
-Хэд хэдэн гэмт хэргийн зүйл ангиудыг олон нийт хольж яриад байна. Хүчиндэх, насанд хүрээгүй этгээдтэй бэлгийн харьцаанд орох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн мөлжлөг гээд хэд хэдэн хэрэг байгаа. Эдгээрийн гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүн нь тус тусдаа ойлголт. Хүчиндэх гэмт хэрэг гэдэг бол тухайн хүний хүсэл зоригийн эсрэг аливаа үйлдлийг хийх асуудал.
Дээрх хэргүүд хоорондоо давхцаж, ял завших тохиолдол гарах вий гэдэг үүднээс энэ төрлийн гэмт хэргүүдийн шинжийг тодруулж байгаа. Өөрөөр хэлбэл, тодорхой үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцохоос гадна зарим гэмт хэргийн шинжүүдийг тодотгосон.
Үүн дээр нэмж хэлэхэд, хар тамхи олж авах үйлдлийг гэмт хэрэгт тооцож байгаа. Мөн хар тамхиыг улсын хилээр оруулж ирсэн бол 2-8 жилийн ял оноодог. Үүнийг 8-15 жилийн ялтай болгохын зэрэгцээ зохион байгуулалттай бүлэг этгээд буюу нийлүүлэгч ашиг хонжоо олох зорилгоор оруулж ирсэн бол бүх насаар нь хорих ял оногдуулахаар тусгасан. Энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй. Эдгээр этгээдийг илрүүлтлээ хууль хяналтын байгууллага мөрдөж, мөшгинө гэсэн үг. Хар тамхийг хэрэглэсэн этгээд гэхээсээ илүү оруулж ирээд байгаа зохион байгуулалттай бүлэглэлтэй тэмцэх эрүүгийн хариуцлагыг чангатгана.
Гэх мэтчилэн Засгийн газраас зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгаж байгаа.
-Энэ хуулийг баталснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах эрх зүйн орчин бий болох уу?
-Хуулийг буцаан хэрэглэхгүй гэдэг зарчим бий. Гэхдээ Хууль зүйн байнгын хороон дээр ажлын хэсэг ажиллаад тодорхой санал, дүгнэлт гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг дээр дагаж мөрдөх журмын асуудал яригдана. Тэр үед л тодорхой болох байх.
Татварын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нэг жил гэдэг нь энэ төрлийн гэмт хэрэг үндсэндээ ялгүй болсон гэсэн үг. Учир нь татвараас зугтах гэмт хэрэг үйлдэгдсэнээсээ хойш 2-3 жилийн дараа, татварын хяналт шалгалтын явцад илэрдэг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргүүдэд хариуцлага хүлээлгэх зайлшгүй шаардлага байгаа учир таван жил хүртэл байхаар орж ирж байгаа.
Эх сурвалж: ikon.mn