Тарваганы мах худалдаж аваад, тээвэрлэж явсан иргэн баригдаж торгуулсан тухай мэдээллийг өмнө нь хүргэсэн. Тэгвэл НМХГ-ынхан энэ удаад ойн зэрлэг гахайн мах худалдан авч, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2019 оны 01/26 тоот “Ой, ан, байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Нийслэлийн ногоон бүс, алслагдсан дүүрэг, хороодын нутаг дэвсгэрт хууль бус мод бэлтгэл, ан агнуурын чиглэлээр хяналт шалгалт хийгдэж байгаа гэдгийг дахин сануулж байна.
Хяналт шалгалтын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хонхор”-ын авто тээврийн шалган бүртгэх хяналтын цэгт өчигдөр (2019.10.28) үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчид 09-07УНО улсын дугаартай, Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийжээ. Шалгалтаар тус тээврийн хэрэгслийн жолооч Б нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, гарал үүслийн тодорхойлолтгүйгээр 1 бодгаль ойн зэрлэг гахайн мах /хоёр чөмөг бүхий хуудан хаа 1 ширхэг, урт болон богино хэмжээтэй 2 ширхэг хавирга, өвчүүний бүдэрхий 1 ширхэг, жижиг нуруу 1 ширхэг, алга дарам хэмжээтэй жирээ 1 ширхэг, элэг 1 ширхэг/ -ыг худалдан авч, тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлсэн аж. Тухайн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм байна.