Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр амиа алдсан. Энэ хэрэгт УИХ-ын нэгэн гишүүн холбогдоод байгаа гэх мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, Г.Батхүү зүгээр л өндрөөс унаад нас барчихаагүй гэж хууль хяналтынхан үзэж буй бололтой юм. Гэвч өнөөдрийг хүртэл Монголын төр ч, хууль хяналтын байгууллагууд ч энэ талаар ямар нэг тайлбар мэдээлэл өгөхгүй, уг асуудлыг шалгаж байгаа явцын талаар ярьсангүй.
Харин Г.Батхүү агсаны ар гэрийнхэн, дэмжигчид, найз нөхөд амийг нь нэхэх арга хэмжээ авахаас аргагүй болж байгаа талаар мэдэгдээд эхэллээ. Нөхөд нь “Ардчилсан намын лидерүүд дуугараач. Төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан хачирхалтайгаар амиа алдаад 5 сарын хугацаа өнгөрөв. Хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан Монгол орон юмсан.
Төрийн ордонд ажлаар орсон хүн. “Зүгээр л өндрөөс унаад нас барчихлаа гэж үү? Тээврийн яамны мэргэжилтнээс Дэд бүтцийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн, Зам тээвэр аялал жуулчлалын сайд, УИХ-ын дэд дарга, УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажиллаж байсан хүн. Жирийн автозасварын газраас үндэсний хэмжээний “Шунхлай” группийг үүсгэн байгуулсан хүн шүү дээ. Дараагийн АН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гэж яригдаж байсан улстөрчид юу тохиолдов?
Амь бүхэн нэхэлтэй… 2019.05.17 өдөр Төрийн ордонд юу болов” гэж байна. Мөн Г.Батхүү агсаны төрсөн дүү П.Батчимэг одоогоос дөрвөн сарын өмнө цахим хуудастаа “2019 оны 5 дугаар сарын 17-ны тэр өдөр ах минь ажлаа л хийж эрч хүчээр дүүрэн цэнэгтэй, инээд баясал тодруулаад Төрийн ордондоо орсон боловч даанч амьд гарч ирж чадсангүй үүрд биднийгээ орхилоо доо…
Юутай харамсалтай, юутай хэцүү хагацал гэж энэ вэ.
Төрийн тусгай хамгаалалттай Монгол Төрийн ордонд хэн хүссэн хүн нэвтэрч чаддаггүй тэр л газарт миний ах зуурдаар нас эцэслэж аав ээж, ахан дүүс, амраг хайртай хань, алаг сайхан үрс, ард түмнээсээ гэнэт салж одсон гэхэд дэндүү итгэмээргүй, учир битүүлэг, гэнэтийн хэрэг явдлыг бид маш тэвчээртэй хүлээсээр өнөөдрийг хүрлээ. Ахыгаа санасан үгүйлсэн хоногууд үргэлжилсээр… Төрийн хяналт, хууль хяналтын байгууллагын зөв шийдвэрийг харсаар хүлээсээр л байна” хэмээн бичиж байв.
Тэгвэл энэ сарын 21-нд “Монголын хууль хяналтын байгууллага таг чиг, ар гэрийхэн нь цөхрөнгөө барж хүлээж сууна…Ард түмэнтэйгээ нэгдэж, амь нэхэх хөдөлгөөнд орох л үлдлээ” гэжээ.