Францын нийслэл Парис хотноо болсон FATF-ийн хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах шийдвэр гаргасан. Саарал жагсаалтад орсноор Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн гадаад гүйлгээ бүгд хяналтад орж, хязгаарлалттай болж, мөн олон улс дахь манай нэр хүндэд нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулалт эрс багасах гэх мэтээр сөрөг байдлаар нөлөөлөх эрсдэлтэй гэж дээр дооргүй ярьж хэлэлцэж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “FATF болон APG-ийн гишүүн орнууд нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл багатай, итгэлтэй улс гэж тооцогддог. Хэрвээ саарал жагсаалтад орвол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй улс гэж бусад улс орон, олон улсын байгууллага биднийг харна гэсэн үг. Саарал жагсаалтад орсноор манай банкуудын гадаад дахь төлбөр тооцооны харилцаанд хүндрэл үүсэх, иргэд байгууллагын гадаад гүйлгээ хугацаа алдах, улмаар энэ байдал хүндэрвэл, гадаад хөрөнгө оруулалт, зээлжих зэрэглэл зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй. 2013 онд саарал жагсаалтад ороход гадаад дахь манай зарим элчин сайдын яамдын гүйлгээг 14 хоногоор саатуулан шалгах, Монголоос шууд гүйлгээ хийдэг байсан улс орон руу бусад улсаар дамжин гүйлгээ хийдэг болох зэрэг хүндрэлүүд гарч байсан. Энэ удаад эдийн засагт мэдрэгдэх хүч, үүдэн гарах сөрөг үр дагавар нь 2013 оныхоос их байх болов уу. Гэхдээ бодитоор үүсэх үр дагавараас илүү олон нийтийн санаа бодлыг хэт түгшээх, хэвийн бус байдал руу оруулах гэсэн мэдэгдэл, мэдээлэл газар авах нь байдлыг бүр дордуулна. Иймд энэ асуудалд бодитой, үндэслэлтэй хандах хэрэгтэй.
Саарал жагсаалтаас гарах боломж, гарц нь ямар нөхцөлөөр энэ жагсаалтад орсноос шалтгаална. Өмнө 2013 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульдаа мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг хийгээгүй гэдэг үндэслэлээр саарал жагсаалтад орсон учраас холбогдох хуулиудаа батлаад, саарал жагсаалтаас гарч байсан. Ер нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд үнэлгээ хийхдээ хууль тогтоомжид тусгагдсан байдал, түүний хэрэгжилт гэсэн хоёр чиглэлээр хийдэг. Энэ удаад дөрвөн шаардлага тавигдсан байна. Гарц нь Терроризмтой тэмцэх тухай хуулийг шинэчлэн батлах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх тэмцэх асуудлыг хуулиар зохицуулах, мөнгө угаах гэмт хэргийг шалгах, эцэслэн шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх, энэ төрлийн гэмт хэргээс олсон хөрөнгө орлогыг хураах зохицуулалтыг боловсронгуй болгох, зохих журмын дагуу хураах асуудалд ахиц гаргах зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай” хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа байр сууриа илэрхийлжээ.