ДэлхийдСайт сайтын сониноос...

Хууль бус цагаачдын 39 цогцос олдсон хэргийн эргэн тойронд

Өнгөрсөн лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө Их Британийн хууль сахиулагчид Ессекс мужийн Грейс хотын нэгэн аж үйлдвэрийн паркийн бүсэд хаягдсан ачааны машинд 39 хүний цогцсыг илрүүлсэн хэрэг дэлхийн нийтийг цочирдуулсан.

“Найман эмэгтэй, 31 эрэгтэй байсан, тэдний нэг нь насанд хүрээгүй хүн байсан ба бүгд Хятадын хууль бус цагаачид байжээ” гэж анх мэдээлж байсан ч аравдугаар сарын 26-ны өдөр тэдний дунд хуурамч хятад паспорт бүхий олон тооны вьетнамчууд байгаа  нь тодорхой болж эхлэв. Вьетнамын зургаан гэр бүл Их Британид суугаа Вьетнамын элчин сайдын яамандаа хандаж, төрөл төрөгсдөөсөө салах ёс гүйцэтгэсэн утга бүхий мессеж авсан тухай мэдэгдэн, тусламж хүсжээ.

Вьетнамын 26 настай Фам гэгч нэгэн бүсгүй Лондон руу Хятад, Европоор дамжин ирж байсан бөгөөд хамгийн сүүлд “Ээж ээ, уучлаарай. Миний аялал амжилттай болсонгүй. Ээж ээ, би танд хайртай. Би үхэж байна, амьсгалж чадахгүй байна. Би Нген тосгоных” гэж бичээд холбоо тасарсан байна.  Түүний гэр бүл 30 мянган фунт төлсөн гэнэ.

EHvfQhXXUAES6Eu(1) Хууль бус цагаачдын 39 цогцос олдсон хэргийн эргэн тойронд

Мөн хэдэн хэдэн вьетнам гэр бүл төрөл төрөгсөд нь лхагва гарагт ирэх ёстой байсан боловч ирээгүй гэх мэдээллийг өгсөн байна. “VietHome” байгууллагад ирсэн мэдээллээс үзвэл 20 орчим хүн алга болоод байна. Их Британийн хууль хүчнийхэн төрөл төрөгсөд, найз нөхөд нь алга болсон тухай мэдээллийг өгөхийг уриалжээ. Мэдээллийн нууцыг хадгалж, хууль бус цагаачдын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж мэдэгдсэн байна.

Вьетнамын Ерөнхий сайд Нгуен Суан Фук үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мөрдөн шалгалт явуулах үүрэг өглөө. Мөрдөн шалгах ажиллагаанд тус улсын нийгмийн аюулгүй байдлын яам, гадаад хэргийн яам, орон нутгийн эрх баригчид болон холбогдох төрийн байгууллагуудын албан тушаалтнуудыг оролцуулж, Их Британийн холбогдох албадтай нягт хамтран ажиллаж, шал­галтын үр дүнг ирэх сарын 5-нд танилцуулах үүргийг өгчээ.

ЭЦСИЙН АЯЛАЛ

Британийн хууль хүчнийхэн ачааны машины толгой /чирэгч трактор/ Дублин хотоос гарч, өнгөрсөн ням гарагт Уэйлсийн Холихэд хотоор дамжин орж ирсэн гэж үзэж байна. Энэ хооронд 39 хүн ачсан хөргүүртэй чингэлэг замдаа гарсан байлаа. Ирландын Дублин хотоос хэдийд гарч, Бельгийн Зибрюге хотод хэдийд ирсэн нь тодорхойгүй л байна. Зибрюге хотыг өдөрт 6000 ачааны тэрэг дайран гардаг байна. Гэхдээ тус хотоос Пурфлит хотод  лхагва гарагийн орон нутгийн цагаар 00.30 цагт ирсэн бөгөөд энд чирэгч трактор, чиргүүл хоёр залгагдаж, “бүтэн” болсон нь мэдэгдээд байгаа. Тун удалгүй буюу 01.05 цагт ачааны тэрэг Пурфлит хотоос гарсан байна. Грейс хотын Уотрглэйд аж үйлдвэрийн паркийн ойролцоо үлдээсэн ачааны машинд цогцос буйг үүнээс хойш 30 минут буюу 01.30 цагт түргэн тусламжийнхан илрүүлсэн бөгөөд Эссексийн цагдаа 1.40 минутад хүрэлцэн иржээ. Аймшигт хэргийн жим энэ.

МӨСӨН УУЛЫН ОРГИЛ

Өнгөрсөн гурван жилийн турш Британийн эрх баригчид Бельгиэр дамжсан хүний наймааны эрсдэл нэмэгдэж буй талаар хэдэнтээ анхааруулж байв. Хил хамгаалах алба Зибрюге хотоос Их Британийг зорьж буй цагаачдын хууль бус жим эхэлдэг гэж онцолж байжээ. 2000 онд Хятадын 58 иргэн мөн л ачааны тэрэгт нас барсан байдалтай Довер хотод олдож байсан гунигт түүх бий. Их Британид ирэхээс олон долоо хоногийн эх орноосоо хүн тус бүр 20 мянган фунт төлж, аялалд гарцгаасан байдаг. Белградаас Унгар, Австри, Франц, Францаас Нидерланд оржээ. Тэндхийн Роттердам хотод ачааны тэргэнд ачигдан, Их Британийг зорьсон тэднийг Эссекст олдсон хууль бус цагаачдынх шиг эмгэнэлт  шиг хувь заяа хүлээж байв. Хэдийгээр тэдний аяллын болон эцэст үхэлд хүргэсэн нөхцөл байдал одоогоор тодорхойгүй байгаа ч Хятадын мэдээлэл, зөвлөгөөний төвийн дарга Эдмонд Ео Британийн засгийн газар энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг хатуу шийтгэж, дахин ийм эмгэнэлт хэрэг гаргахгүй байх тал дээр шийдвэртэй арга хэмжээ авахыг мөн хүсжээ. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан таван хүнийг саатуулаад байна.

САЙХАН АМЬДРАЛЫН ЭРЭЛД

Их Британийн “Duncan Lewis Solicitors” хуулийн зөвлөгөө өгдөг компанийн хуулийн зөвлөх Сулайха Алигийн ярьснаар, түүгээр үйлчлүүлж байсан Хятад иргэдийн ихэнх нь хүний наймааны хохирогчид байдаг. Эх орондоо өрөнд орсон, мөрийтэй тоглоомд их хэмжээний мөнгө алдсан нөхөр нь эхнэрээ Их Британид явуулж, өрөө төлдөг байсан хэрэг хүртэл гарч байжээ. Үүний тулд тэд долоон мянгаас 14 мянган фунтын төлбөр төлдөг. Их Британийн дотоод хэргийн яамны мэдээллээр, өнгөрсөн онд тус улсын саатуулах төвүүдэд нийт 420 хятад иргэн бүртгэгджээ. Хэдийгээр Хятад улс хүний наймаа эрхлэгчид болон хохирогчдын тоогоор дээгүүрт ордог ч, тэдний үйл ажиллагааны талаар мэдээлэл тун бага. Тус улсад хүний наймааны асуудал эрхэлдэг хэдхэн төрийн бус байгууллага байдаг бөгөөд мэргэжилтнүүд Хятадын засгийн газрыг энэ асуудалтай тэмцэх хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилдэг. Нөгөө талаар, Ессексийн энэхүү эмгэнэлт хэрэг Их Британи, төдийгүй дэлхий хөгжингүй улс орныг аюулгүй, сайхан амьдрал хайн зорьж буй хууль бус цагаачдад нүүрлэж буй эрсдэлд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг дахин сануулав. Хамгийн сүүлийн мэдээллээр, 2019 оны зургаадугаар сарын байдлаар Их Британи 18519 хүнд орогнол, хүмүүнлэгийн хамгаалалт болон бусад хэлбэрийн цагаачлалын зөвшөөрөл олгожээ. Гэсэн хэдий ч дэлхий дээрх нийт дүрвэгсдийн нэг хүрэхгүй хувийг хүлээн авсан энэ улсад орогнох эрх олж авахад бэрх. Дублины журам орогнол хүсэгчдэд англи хэлний мэдлэг зэрэг өндөр шаардлага тавьдаг нь цагаачдыг амь насаараа дэнчин тавьж, Их Британийг зориход хүргэдэг. Ингэснээр тэд хүний наймаачдын хялбархан өгөөш болдог аж. Нэгэнт хил давах зөвшөөрөлгүй хүмүүс ачааны тэрэг зэрэг аливаа тээврийн хэрэгсэлд яаж ийгээд нуугдах хэрэг гарна. Эссексийн хэрэг энэ төрлийн тээврийн хэлбэрийг үл ойшоох боломжгүй гэдгийг харуулж байна гэж хүний эрхийг хамгаалагчид анхааруулж байна. “Бид аливаа эмгэнэлт хэрэг явдлын талаарх мэдээллийг цочирдож хүлээн авч, дахин ийм хэрэг давтагдахаас сэргийлэхийг хүсдэг. Саяны энэ хэрэг явдал хилийн хатуу хяналт, аюулгүй байдлын боловсронгуй дэд бүтэц, ийм төрлийн аяллыг зохион байгуулж буй хүмүүст хатуу хариуцлага тооцох шаардлага хэзээ хэзээнээс илүү тавигдаж буйг анхааруулж байна” гэж ажиглагчид онцолжээ. Гол зангилаа нь улстөрчид сонгогчдын хүсэл зориг, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан цагаачлалын асуудлыг хүссэнээрээ шийдвэрлэж болно гэж боддогт бий. Мэдээж хэрэг энэ боломжгүй зүйл бус. Улс орнууд цагаачдад санхүүгийн урамшуулал олгон эх орноосоо гаргах эсвэл хүнд суртлын болон бодит саад тотгор тавьж болно. Гэвч амь насаараа дэнчин тавин аюултай аялал хийхээс өөр гарцгүй хүмүүс дэлхийн олон газарт буй. Хяналтыг чангатгаснаар эдгээр хүмүүсийг илүү аюултай зам сонгоход хүргэж, тэдний амь насыг хүний амийг юмны чинээд боддоггүй хүний наймаа эрхлэгчдийн гарт шууд атгуулж байна гэсэн үг. Их Британи Европын бусад улсыг бодвол дүрвэгсдийн хямралыг үзээгүй улс. 2015 онд Европ даяар цагаачлахыг хүссэн өргөдлийн тоо өсөж байхад, Их Британид л буурч байжээ.

5589c0bc3139e Хууль бус цагаачдын 39 цогцос олдсон хэргийн эргэн тойронд

Эссексийн эмгэнэлт хэргийн хариуцлагыг хэн үүрэх вэ? Цаашид ийм хэрэг гарахаас хэрхэн сэрэмжлэх вэ гэх асуултыг европчууд тавьж байна. Британийн Гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг энэ хэрэгт хамаатай байж болзошгүй зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг илрүүлэх тал дээр ажиллаж буйгаа мэдэгдэв. Гэхдээ үүнээс ч илүү асуултын хариуг олон нийт нэхэж байна. Яагаад хүмүүс хөргүүртэй чингэлгээр явав. Юу тэднийг эх орноо орхиход хүргэв. Хэрэв тэдний дунд дүрвэгсэд байсан бол тэд Европын аль нэг улсад өөрийн эрхээ шаардаагүй вэ. Тэд дүрвэгсэд биш бол юу тэднийг ажил хайн, ийм замаар явахад хүргэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс явуулсан шинэ судалгаа эдгээр асуултад ямар олон төрлийн хариулт байж болохыг харуулна. Судалгаанд Европт ажил хийхийн тулд дэлхийн хамгийн аюултай замаар явж байсан хоёр мянга орчим африкчууд хамрагджээ. Тэдний 90 хувь нь ийм замаар дахин явахад бэлэн гэж хариулсан байна. Ихэнх тохиолдолд тэд ядуурлаас бус харин тэгш бус байдал, шударга бус байдлаас дайжин, амьдралаас илүү зүйлийг хүсжээ. Дэлхийн аль нэг хөгжингүй орны хил дээр шаналж буй дүрвэгсэд идэвхгүй хохирогч гэхээсээ илүү шийдвэр гаргаж, өөрсдийнхөө амьдралын эзэн болохыг хичээж буй хувь хүмүүс. Сүүлийн дөрвөн жилд амиа алдсан, ор сураггүй алга болсон хууль бус цагаачдын тоо 25 мянгаас давжээ. 2016 онд гэхэд 8067 хууль бус цагаач амиа алдсан байна.

Хууль бус цагаачлалын бизнес сая саяар тоологдох ашиг авчирдаг. Тиймээс энэ ашигтай бизнесээс гэмт хэрэгтнүүд татгалзахгүй гэсэн үг. Тэдний үйлчлүүлэгчид доллар, евро төдийгүй өөрсдийн амиар төлбөр төлж байгаа бодит байдал ч тэднийг зогсоохгүй.

Эх сурвалж: Zindaa.mn
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close