Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүд ЭЕШ өгч, их дээд сургуульд элсдэг
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын номын сан 4000 гаруй номтой. Төрийн болон төрийн бус байгууллагуудын хандивласан номноос гадна Хүүхдийн номын ордонтой гэрээ хийж, 45 хоногт нэг удаа 100 номыг авчирч хүүхдүүдэд уншуулдаг байна. Хүүхдүүд унших дуртай, ийм тийм агуулгатай ном уншмаар байна гэж захиалдаг гэсэн юм.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын багш Р.Уранчимэг “Хүүхдүүд ихэнхдээ зургаан боть түүхийн ном, Монголын нууц товчоо зэрэг түүхийн номыг уншиж судалдаг. Бичиг үсэг мэдэхгүй хүүхэд хүртэл бичиг үсэг суран уншаад эхлэхээрээ “Чингис хаан” комикс номыг хамгийн түрүүнд уншдаг. Мөн уран зөгнөлт зохиол их уншдаг”
Хүмүүжигч хүүхдүүд хоёр ном уншин тэмдэглэл хөтлөөд, үүнийхээ хажуугаар сургалт, засал хүмүүжлээрээ эерэг дүн авбал 10 хүртэлх хугацааг хорих ялаас нь чөлөөлж өгдөг юм байна. Сард 10 хоногоор, улиралд 30 хоногоор шагнуулбал, хорих ялаас нь 1 сар хасагддаг юм.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга Б.Тамир “Хүүхдүүд ном уншсаныг номын тэмдэглэл хөтлүүлэн баталгаажуулдаг. Сард хэн олон ном уншсан, номын тэмдэглэлээ хэрхэн хөтөлсөн гэдгийг нь бид үзэж шагналын хоног олгодог”
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Цэцэгмаа “Ном унших нь хүүхдийн засан хүмүүжилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж би үздэг. Шагналын хоног олгох нь ангийн зөвлөлийн эрх хэмжээний асуудал. Үүнд прокурор хяналтаа тавьдаг. Гэхдээ шагналын хоногийн тоон дээр манайхаас оролцдоггүй ч зохих журмын дагуу олгож байгаа юу гэдэгт хяналт тавьж ажилладаг”
Ном уншдаггүй байсан хүү сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад байх хугацаандаа номтой нөхөрлөж, тэмдэглэл хөтлөн, хажуугаар нь суралцаж, ЭЕШ-д өндөр оноо аван, их сургуульд орох гэж байгаагаа бидэнд ярилаа.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын хүмүүжигч “Өмнө нь номыг тоодоггүй байсан. Энд ирээд номонд дуртай болсон. Харилцааны чиглэлээр ном түлхүү уншиж байгаа” гэв.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдүүд өөрийн түвшинд таарсан ерөнхий боловсролыг эзэмшиж байна. Үдээс өмнө хичээллэж, үдээс хойш хичээлээс гадуурх сургалтад ч хамрагдана. Кристиан Нобелийн сан, Асрал төв, “Амин хүүхэд” гэсэн төрийн бус байгууллага, сайн дурынхан хөгжим, уран зураг, эсгийн урлалын сургалтыг явуулдаг юм байна. Өнгөрсөн жил эндээс 6 хүүхэд ЭЕШ өгч, 4 нь их дээд сургуульд тэнцжээ.
Эх сурвалж: Eagle.mn