Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 онд шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 9 аж ахуйн нэгжид шийтгэл оногдуулсан асуудлыг шүүхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал ШӨХТГ-аас Петростар ХХК, Магнай трейд ХХК, Шунхлай трейдинг ХХК, Содмонгол групп ХХК, М-Ойл групп ХХК, Жаст-Ойл ХХК, Синчи-Ойл ХХК, Монсуль ХХК, Ойн бирж ХХК-иудын борлуулж буй АИ-92 автобензинээс дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлжээ. Шинжилгээний үр дүнгээр дээрхи 9 аж ахуйн нэгжийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дм3 тодорхойлогдсон аж.
Дээрх 9 аж ахуйн нэгжийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон тул 9 аж ахуйн нэгжид тус бүр 9,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулсан байдаг.
Шийтгэл ногдуулсантай холбогдуулан 8 аж ахуйн нэгж Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан ба шүүхээс 6 аж ахуйн нэгжид ногдуулсан шийтгэлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.