Монгол Улсын Засгийн газраас утаатай тэмцэж, 2018 онд түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэр гарсан байна.
Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Улаанбаатар хотыг тойрсон 7 цэгт буюу Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байгаа юм.
Энэ хугацаанд шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс агаарын чанарыг сайжруулах бүсрүү буюу Улаанбаатар хотруу тээвэрлэж, нэвтрүүлэх зорилготой үйлдлийг таслан зогсоож ажиллаа.
Хориглосон бүсэд түүхий нүүрсээр хийх бизнес эрчимжиж, зах зээлд худалдан борлуулж байгаа “Таван толгой” ХХК-ны шахмал түлшний уутанд түүхий нүүрс жижиглэнгээр савлаж борлуулах, стандартын шаардлага хангаагүй шахмал түлш болон сайжруулсан түлшнээс бага үнэтэй түүхий нүүрс худалдаалах, түүхий нүүрсийг суудлын болон ачааны автомашинд нууж хулгайн буюу баталгаат бус замаар агаарын чанарыг сайжруулах бүсрүү нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илэрсээр байна.
Иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ