Бельгиэс ирсэн хөргөгчтэй ачааны машинаас Британийн Эссекс мужийн цагдаагийнхан 39 хүний цогцос илрүүлсэн байна. Энэ ачааг тээвэрлэж явсан машины жолооч, Умард Ирландын иргэн 25 настай Мо Робинсоныг цагдаагийнхан баривчлан шалгаж эхэлжээ.
Хохирогчдын 38 нь насанд хүрсэн хүмүүс, нэг нь өсвөр насны хүүхэд байсан бөгөөд Эссексийн цагдаагийн газар цогцоснуудын хэн болохыг тогтоохоор ажиллаж байна хэмээн мэдэгджээ. Британийн Үндэсний Цагдаагийн Газар энэ хэргийн цаана зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэг байгаа эсэхийг шалгаж эхэлсэн байна.
Автомашин нь Болгар улсад бүртэлтэй компанийн өмч байсан ч хохирогчдийг өөрийн улсын иргэд байх магадлал бага гэж Болгарын Гадаад хэргийн яам мэдээлжээ. Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “санаанд багтамгүй эмгэнэлт явдал тохиолдсон”-д эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлээд мөрдөн шалгах ажлын талаар тогтмол мэдээлэл авч байгаа хэмээжээ.
Гадаадын дүрвэгчид Британид хууль бусаар нэвтрэхийн тулд Европын эх газраас ачааны чингэлэгт нуугдаж ирэх тохиолдол элбэг байдаг. Тэд ийм боломж олж авахын тулд зохион байгуулагчдад нэг хүний 10.000 фунт стерлинг хамгийн багадаа төлдөг гэсэн мэдээлэл бий.
Эссекст гарсан энэхүү хэрэг нь Их Британид сүүлийн 20 орчим жилийн хугацаанд гарсан хамгийн олон хохирогчтой аллагад тооцогдож байна.