2019-10-23 17:141min00

Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

21

Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Шинжилгээгээр хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн юм.

Улсын аварга Э.Оюунболд шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгөөд байгаа. Харин улсын начин Д.Цэрэнтогтохын “В” сорьцынх нь хариу “А”-тайгаа таарсан тул допинг илэрсэнд тооцож, барилдах эрхийг хоёр жилээр хасаж, чимгийг нь хураах саналыг Үндэсний бөхийн салбар хорооноос гаргасан.

Энэ асуудалтай холбогдуулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо маргааш хуралдахаар болжээ. Энэ жилийн сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн хоёр бөхийн асуудлыг хэлэлцэж, цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барина гэдгээ Баяр наадмыг зохион байгуулах хороон дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ. Тэрчлэн зарим бөхийн даваа ахиулах, барилдах эрхийг хасах асуудал ч шийдэгдэнэ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй