Цахим худалдааны Alibaba аварга сүлжээг үүсгэн байгуулагч Жек Ма бол Хятадын хамгийн баян бизнесмэн билээ.
1999 онд жижигхэн онлайн компани хөгжүүлэх мөнгө зээлж авч байсан жирийн нэгэн залуу 54 насандаа 39,8 тэрбум ам.долларын (Forbes-ын тооцооллоор) хөрөнгөтэй болж, бий болгосон бизнес нь 519 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болжээ.
Ноён Азгүйдэл
Ханжоу хотын иргэн Ма Юнагийн амжилтын зам тийм дардан биш ч хүмүүст үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлэм аж. Жишээлбэл тэрбумтан эрийн англи хэлний багшаар ажилласан анхны сарын цалин ердөө 12-хон ам.доллар байсан гэдгийг та мэдэх үү?
Тэр хэдэн удаа азгүйдэж явсан бол? Бага сургуульд байхдаа Ма бүх шалгалтаа хоёр хоёр удаа өгөхөөс өөр аргагүй болж байсан гэдэг. Дунд сургуулиа төгссөний дараа тэр багшийн их сургуульд орж чадалгүй гурван жил болсон юм. Түүнчлэн Жек Харвардад элсэх өргөдөл 10 удаа өгч байсан ч дандаа л татгалзсан хариу авч байсан гэдэг.
Их сургуулиа төгссөний дараа Ма ажилд орох гэж 30 удаа үзсэн боловч тэнцээгүй юм. Бизнес анх эрхлэхдээ хоёр ч удаа стартап төсөл эхэлж байсан ч бүтэлгүйтсэн. Харин 1995 онд АНУ-д очсоныхоо дараа л Ма-д аз ивээж эхэлсэн юм.
Интернэтийн ертөнц
Жек Ма 31 насандаа АНУ-д очиж, интернэт, цахим худалдааны ирээдүйг олж харжээ. Эх орондоо ирмэгцээ санаачилгатай залуу 17 найзаа Alibaba нэртэй интернэт компанид хөрөнгө оруулахыг ятгаж чадсан гэдэг.
Залуус хөндлөнгийн хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтгүйгээр Магийн өрөөнөөс ажлаа эхэлсэн байна. Харин дөрвөн жилийн дараа буюу 1999 онд энэ үйлдвэрлэлд зах зээлийн том тоглогчид болох SoftBank (20 сая ам.доллар), Goldman Sachs (5 сая ам.доллар) хөрөнгө оруулж эхэлжээ.
Туршлагагүй хэдэн нөхдийн багахан эхлэл эцэстээ хэрхэн Хятадын болон дэлхийн сүлжээ, бизнесийн нүүр царай болсныг харлаа. “Анхандаа би технологи, менежментийн талаар юу ч мэддэггүй байлаа. Гэхдээ их зүйл мэдэх ч шаардлагүй байсан юм билээ. Та өөрөөсөө илүү ухаантай хүмүүс олох л ёстой. Олон жилийн турш би үүнийг л хийж ирсэн” хэмээн Ма Давост 2018 онд болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр мэдэгдэж байсан юм.
Тэрбумтны 5 зарчим
Жек Ма нь нэртэй бизнесмэн төдийгүй зөвлөгөө, дүн шинжилгээ бүхий лекцүүдээрээ алдартай нэгэн юм. Alibaba-г үүсгэн байгуулагчдын 5 зарчмаас хүргэж байна.
- “Үгүй” гэсэн хариулт сонсож сур
Амжилтын замд гарсан саад бэрхшээлүүдтэй бусад алдартнууд ч тулгарч байсан гэж тэрбээр сануулдаг. Жишээ нь Стив Жобс л гэхэд боловсролгүй хэрнээ асар өндөрлөгт гарч чадсан. Мөн Майкл Жорданыг нэрлэж болно. Дэлхий дахинаа алдартай тамирчныг дунд сургуульд нь сагсны багт ч авч байгаагүй гэдэг.
2. Мөрөөдлөө дага
Магийн эхнэр нэг удаа түүнд сонирхолтой зүйл хэлснийг тэр ярьдаг. Түүний эхнэр нь Жекийн өөртэй нь биш Alibaba-тай гэрлэсэн гэж хэлж байжээ. Энэ нь ч үнэхээр үнэн байсан гэж Ма өгүүлдэг. Тэрбээр ажилдаа үнэхээр үнэнч байж, бизнесээ хөгжүүлэхийн төлөө долоо хоногийн зургаан өдөр өглөөний 09:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл ажиллахад бэлэн байсан гэдэг. Амьдралын энэ хэв маягаа асар том ерөөл тавилан байсан гэж тэр үздэг.
3. Өрсөлдөөнийг март
Тэрбээр Alibaba-гийн өрсөлдөгчдөд бус, интернэт сүлжээний үйлчлүүлэгчид болон тэдний бараа бүтээгдэхүүндээ сэтгэл ханамжтай байдад хамгийн ихээр анхаардаг байсан гэдэг. Хэрэв та бизнесийн өрсөлдөгчөдөө дайсан гэж харвал өөрийн хийж буй үйл хэргийн боломжийг нээж чадахгүй. Тэднийг шинэ дадалд сургаж буй найзуудаа хэмээн хүлээн ав гэжээ.
4. Жижиг зүйлст урам зориг ор
Тэрбээр нэгэн лекцэн дээрээ кино үзэх маш их дуртай, урам зориг орох гол эх үүсвэр нь кино гэж ярьжээ. Түүний дуртай кино нь “Бие хамгаалагч” болон “Форрест Гамп” гэнэ. Жек “Форрест Гамп” киноны баатраас их зүйл суралцсан гэдэг байсан. Хүмүүс таныг тэнэг, галзуу гэж нэрлэж болох ч хамгийн гол нь өөрөө өөртөө, өөрийн сонголтдоо үнэнч байх ёстой.
5. Шунал тачаалтайгаар амьдар
Жижигхэн өрөөнд бизнесээ нээх үеэс л эхлээд түүнийг хөдөлгөж эхэлсэн гол хүч бол дуртай ажилдаа шунаж тачаах явдал гэжээ. Ямар нэгэн зүйлийг сонирхож байхад ажиллаад л, урагш ахихыг эрмэлзээд л, бүтэхгүй байсан ч зүтгээд л байдаг гэнэ. Хэцүү цаг үед л үргэлжлүүлэн урагшлаад л бай. Шаргуу зан бол амжилтад хүрэх гол түлхүүр юм.
Эх сурвалж: zen.yandex.ru