Энэ аргыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дэслэгч Бад Винтерийн хийсэн ажил дээр үндэслэсэн юм. Түүний гол даалгавар бол Америкийн цэргүүдийг стрессийн нөхцөлд эрч хүчээ түргэн нөхөж авах зорилгоор хурдан унтуулж амраах аргыг эзэмших асуудал байлаа. Энэ аргыг туршилтаар хэрэглэж үзсэн хүмүүсийн 96 хувь нь цэргийн нөхцөлд ч хэдхэн минутын дотор амархан унтаж чадаж байна гэжээ.

Хааяа, ялангуяа их ачаалалтай өдрийн дараа хүн унтаж амрахад хэцүү болдог шүү дээ. Ялангуяа сэтгэл санааны хувьд маш их ачаалалтай, хүнтэй муудалцаж маргалдсан бол орондоо ороод унтаж гэж хөрвөөсөөр таардаг. Тэгвэл ийм үед яаж ганцхан минутын дотор унтаж сурах вэ? Дараах таван нөхцөлийг биелүүлээрэй.

Алхам №1. “Тохиромжтой байрлал”

Энэ алхам тав тухтай орон дээр хэвтэж байгаа үед ч чухал юм. Хэрэв та унтахаар шийдсэн бол аль болох тав тухтай байрлалаа авах хэрэгтэй Машинд байгаа бол суудлаа ч мөн тав тухтай болгоход битгий залхуур. Онгоцонд бол суудлаа засаад толгойгоороо налах юм олохыг хичээгээрэй. Аль болох л өөрт л эвтэйхэн байрлал олох ёстой юм.

Алхам №2. “Нүүрний булчингаа сулруул”

Нүүрний булчингаа сулруулах нь бүрэн унтаж амрахын гол үндэс юм. Хүний нүүрэнд 43 булчин байдгийг та мэдэх байх. Тэгээд ч бид нүүрээрээ дотоод мэдрэмжээ илэрхийлдэг билээ. Жишээлбэл хүн стресстэй байхад нүүрний булчингууд маш ихээр ачаалдаг. Тиймээс нүүрээ сулруулснаар биедээ тайван, амгалан байна гэсэн дохио өгдөг гэсэн үг. Ерөнхийдөө нүүрээ дарааллынх нь дагуу булчинг нь сулруулж өгөх хэрэгтэй. Эхлээд зовхи, нүдний булчингаа сулруул. Аажмаар дух, хэл, хацрын булчингаа сулруулснаар доод эрүүгээ сулруулна. Нүүрний бусад булчин ч суларч байгаа эсэхийг ажиглаад хийгээрэй. Энэ бүгдийн эцэст таны амьсгал өөрчлөгдөж байгааг та анзаарах болно. Амьсгал илүү гүн, удаан болж, аажмаар бие суларна.

Алхам №3. “Мөрөө буулга”

Мөрнөөсөө ачааллаа авч хая. Хүзүүнийхээ ар хэсгийг ч мөн сулруул. Зүгээр л мөрнөөсөө хүнд бүхнийг авч хая. Ингээд сулруулж, гүн, маш удаан амьсгал аваарай. Мөн амьсгалаа аль болох удаан гаргана. Амьсгалаа гаргаж байхдаа та бүхий л ачааллаас өөрийгөө чөлөөлж байгааг мэдэр. Хүзүү, мөр, эрүүний ачааллаас чөлөөлөгдсөнөөр та тайвширна.

Энэ бүгдийн дараа гараа сулруул.

Алхам №4. “Хөлөө сулруул”

Биеэ суллаж дуусмагцаа хөлөндөө анхаар. Хөл яаж булчингаа суллаж байгаа нь үнэхээр сонирхолтой. Зарим хүнийх баруун хөлнөөсөө суларч эхэлдэг бол заримынх нь зүүн хөлнөөс эхэлнэ. Заримынх нь хөлний хуруунаас ч эхлэх нь бий.

Алхам №5. “Цэвэр оюун ухаан”

Одоо бүх бие суларснаа мэдэрмэгц дотоод харилцаагаа зогсоох хэрэгтэй. Энэ нь яг л гар утсаа унтрааж байгаатай адил юм. Товчлуур дараад хэдхэн секундын дотор унтардаг шиг өөрийгөө элдэв бодлоос чөлөөл. Бүх бодлоо авч хаяад амар. “Маргааш тайлантай”, эсвэл “машиндаа бензин хийнэ” гээд элдэв юм бүү бод. Энэ бүх бодол булчингуудыг чангалж, унтаж амрахад саад болдог юм.

Бад Винтер илүү энгийн, ойлгомжтой техник санал болгож байна.

Өөрийгөө зуны таатай өдөр намуухан урсгалтай өргөн голд завин дотор хэвтэж байна гээд төсөөл. Та хэвтэж байгаа бөгөөд дээш харахад цэлмэг тэнгэрт хаа нэгтэйхэн залхуутайяа үүлс хөвнө. Эсвэл та дулаахан хөнгөн хөнжлөөр хучаад зөөлөн хилэн орон дээр шигдэн хэвтэж байна гээд төсөөл. Хаашаа ч харсан тааламжтай харанхуй байх агаад бүх бодол санаагаа авч хаясан байна гээд бод. Энэ аргаар хамаг биеэ суллаж, элдэв бодлоосоо чөлөөлөгдөж чадвал та өөрийн мэдэлгүй гүн нойрондоо автагдсан байх болно.

Эх сурвалж: econet.ru

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга”
  1. Бас л хулхи, товчлуур шиг унтрааж чаддаг бол юу гэж наадхыг чинь уншиж байхавдээ?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн