Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.10.21/ Эрх зүйн соёл НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Монгол улсын засгийн газарт холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж өндөрлөв.
Урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3-т “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, тухайн газарт “Чингис хаан” музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах” гэж заасан хэсгээс эхний хэсэг болох “Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж” гэх хэсгийг болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, АЯА ХХК нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан захиргааны гэрээг тус тус уг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Энэхүү дээрх тогтоолын 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтын “тухайн газарт “Чингис хаан” музейн барилгын зураг төслийг боловсруулан барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд тусгуулах” гэсэн хэсэг болон БСШУСЯ-ны 2019/08496 дугаартай тендерийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн урьдчилсан хэлэлцүүлгээр эрх бүхий байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулж, барилгыг шинэчлэн засварлах боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хөндлөнгийн шинжээч томилсон байна.