Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө өгөх зорилгоор өнөөдөр /2019.10.21/ хэвлэлийн бага хурал зарлалаа.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж эхэлжээ. Харин 2008 онд газар өмчлүүлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсноор Монгол Улсын иргэн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болов. Ингэснээр 2003-2008 оны хооронд гэр бүл дундаа газар өмчилж байсан бол одоо гишүүн бүр газар үнэгүй өмчлөх эрхтэй болж байгаа юм. Гэхдээ иргэд мэдээ, мэдээлэл муутайгаас газраа өмчлөх үйл ажиллагаа удаашралтай явагдаж байгаа аж. Тиймээс иргэдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зохион байгуулж буй аж.
Нийслэлийн Газар зохион байгуулах албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий
-Нийслэлийн газрын мэдээллийн сан гэж байдаг. Энэ мэдээллийн сан дээр ойролцоогоор 400-аад мянган нэгж талбар буюу газар эзэмшигчийн бүртгэл байна гэсэн тооллого гарсан байгаа. Үүнээс 300 мянган иргэн газраа өмчлөөд авчихсан, харин 100 орчим мянган иргэн газар эзэмших эрхтэй байна. Тухайн иргэн гэр бүлээрээ дундаа газар өмчилж авсан бол өрхийн аль нэг гишүүнд өмчилсөн газраа шилжүүлж, бусад гишүүддээ газар үнэгүй өмчлөх эрхийг нь нээж өгөх боломжтой юм. 2019 оны байдлаар 25 мянга 771 иргэн Нийслэлийн газар зохион байгуулах албанд хандаж, хамтран өмчлөгчөө хасуулсан байна. Үүний үр дүнд 74 мянга 624 иргэн газар өмчлөх эрхтэй болсон байна.
Иргэн эзэмшиж буй газраа өмчилж авснаар дараах давуу талтай. Үүнд:
-Өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол Улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах
-Хууль тогтоомжид заасан бусад эрх эдлэх зэрэг боломжтой болох аж.
Газар өмчлөх тухай хуулийг сурталчлах ажил 2019 оны аравдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Энэ хүрээнд холбогдох албаны мэргэжилтнүүд хариуцсан дүүргийнхээ хороо бүр дээр ажиллаж, иргэдэд мэдээлэл, зөвлөгөө хүргэх юм байна.