Ар гүнтийн давааны орчимд аравдугаар сарын 19-ний 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
Тээврийн цагдаагийн албанаас уг ослын талаар мэдээлэхдээ,
“Ар гүнтийн давааны орчимд /2019.10.19/ 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдлээ.
Ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ноцтой осол хэрэг гарсан байна. Урьдчилсан байдлаар шалгахад, тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд тэрээр “автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан” гэх мэдүүлгийг өгсөн байна.Энэ хэрэг ослын шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна” гэсэн мэдээллийг өглөө.
Дотоод хэргийн их сургуулиас эмгэнэл илэрхийлэхдээ, “салбарын хүний нөөцийг бэлтгэх үүргээ биелүүлж явсан ” хэмээн бичсэн байсан юм.