Архивын Ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа С.Батзаяа нарыг бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан 2018 оны зургадугаар сараас шалгаж эхэлсэн. Тэдэнтэй хамт “Нуурын Чинбаа” хочит С.Чинбат, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү нар шалгагдсан юм.
Тодруулбал, Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн дарга, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 гаруй ам.доллар хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Тэрбээр энэ хэрэгт ганцаараа оролцоогүй гэдгээ хүлээсэн тул хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр олборлолт явуулж, тэндээсээ гарсан ашигт малтмалыг Ховд аймгийн Булган сум дахь боомт болон Замын-Үүдийн боомтоор хил давуулж байсан гэх бөгөөд Б.Үнэнбатыг 1.9 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж байгаа юм.
Тэднийг Эрүүгийн хуулийн 22.4-д зааснаар шалгаж байгаа. Эрүүгийн хуулийн 22.4: “Хахууль авах. Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт шилжсэн байна. Тодруулбал, хэргийг яллах дүгнэлттэйгээр прокурорт шилжүүлсэн болохыг эх сурвалж мэдээллээ.
Эх сурвалж: Dorgio.mn