Агаарын чанарыг сайжруулах бүсэд байрлаж буй нийт 20 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг цахилгаан, газрын гүний дулаан болон хийн халаалтын дэвшилтэт техник технологиор солих ажлыг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 139 дүгээр сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн халаалтаар шийдэх тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа.
Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдолд бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүд хамгийн ихээр өртөж байна. Хүүхдийн эрүүл аюулгүй, ая тухтай орчинд өсөн хүмүүжих орчинг бүрдүүлэх нь бидний хамгийн том үүрэг юм. Тиймээс ч бид сургуулийн орчинд байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулж, хог хаягдлыг эх үүсвэр дээр цуглуулах, ангилан ялгах, хаягдлыг бууруулах зохистой менежментийг нэвтрүүлэхэд чиглэсэн шат дараалсан ажлуудыг хийж байна.
Нийслэлийн 129, 214, 139, 221, дугаар сургууль, цэцэрлэгийн цогцолбор болон 127-р цэцэрлэг, 196-р сургуулийн нам даралтын зуухыг хийн халаалтын зуухаар солих ажлын гүйцэтгэгчээр Газком ХХК шалгарч, Япон улсын “Риннай” компанийн хийн халаалтын тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, өнөөдөр хүлээлгэн өглөө.
Эдгээр сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухыг шинэчилснээрээ бид 540.2 тонн үнс, 2,935.2 орчим СО2-ыг буюу нүүрстөрөгчийн хийг агаарт цацагдахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг онцолж байлаа.
“Газком” ХХК нь жилийн турш тоног төхөөрөмжийн засвар ашиглалт, хийн хангамжийг бүрэн хариуцан ажиллах юм. Тус компани бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бүрэн итгэж болохыг хэлж байв.
Түүнчлэн “Газком” ХХК зөвхөн сургууль, цэцэрлэгт хийн халаалтын төхөөрөмжөө суурилуулаад зогсохгүй гэр хорооллын айл өрхүүдэд хийн халаалтын төхөөрөмж суурилуулах, ажлаа эхлүүлжээ.
Тухайлбал, өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн одоогоор нийт 50 гаруй өрхийн халаалтыг газын төхөөрөмжөөр шийдсэн байна. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй төслүүдийн нэг юм.