Сүүлийн үед олон нийтэд шуугиан үүсгээд байгаа цаг үеийн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн … Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
–Их хэмжээний зэвсэг илрүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Эрүүгийн цагдаагийн албанаас “Зэвсэг” арга хэмжээний хүрээнд энэ сарын 16-ны өдөр буюу өчигдөр Баянзүрх дүүрэгт хууль бусаар галт зэвсэг, сум худалдан борлуулдаг 28-60 насны гурван иргэн байлдааны зориулалттай 6500 ширхэг сумыг худалдан борлуулах зорилгоор авч явсныг илрүүлсэн. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр заасны дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
–“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжинг суллагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ хүнд холбогдох хэргийг шалгаж дууссан уу?
-МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтэд сүүлийн үед байгаль хамгаалах нэрийн дор төрийн бус байгууллага, бүлэг холбоо болон иргэний зүгээс бизнесийн тодорхой салбар болох уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компаниудад дарамт шахалт үзүүлж, дайрч орох, айлган сүрдүүлж, бие болон нэр хүндэд нь халдах үйлдэл удаа дараа гаргаж байгаа учраас энэ үйл явдлыг таслан зогсоож өгнө үү гэсэн хүсэлт ирсэн. Цагдаагийн байгууллага ийм үйлдэл бүртэй тэмцэж байгаа. Гэхдээ тэмцэж байгаа үйлдэл бүрээ олон нийтэд мэдээлдэггүй. Эрүүгийн цагдаагийн алба энэ асуудалд чимээгүй байдлаар хандсан, орхисон нэг ч үйлдэл гаргаагүй гэдгээ дахин хэлье. Тухайлбал, “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин гэх хүн бусдын эд хөрөнгийг булаан авахаар заналхийлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нь бусдын хөрөнгийг авахаар заналхийлсэн, ялгаварлан гадуурхсан гэх асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эдгээр хэргүүд бүгд прокурорын хяналтан дор шалгаж байгаа. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
– Баянхошууны нутаг дэвсгэрт олон хүүхдийг хулгайлж, хүчирхийллээ гэсэн мэдээлэл цахимд тавигдсан. Энэ үнэн үү?
-Баянхошууны нутаг дэвсгэрт олон хүүхдийг хулгайллаа, хорилоо, хүчирхийллээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсаны дагуу ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид яаралтай шалгалтын ажиллагаа хийсэн. Надад ирсэн мэдээллээр цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл нотлогдоогүй байна. Сүүлийн гурав хоногийн турш хүүхэд хүчирхийлэлд дээрх байдлаар өртсөн гэх мэдээлэл бүртгэгдээгүй, ГССҮТ-д хүүхэд хэвтэн эмчлүүлээгүй байна. Иргэн та бүхэн олон нийтийн сүлжээнд бодитой мэдээлэл тавибал бидэнд дэмжлэг болдог, хуурамч мэдээлэл тавибал дараа болдог. Тиймээс та бүхэн олж мэдсэн мэдээллээ олон нийтийн сүлжээнд тавихаас өмнө бидэнд эхэлж мэдээлж хамтран ажиллахыг хүсье.