Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо.
Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан Шар хадны эцсийн буудал орчимд иргэн н.Цэнгэлтэй уулзаж, сайжруулсан түлшний талаар санал сэтгэгдлийг нь сонсох явцдаа, түүний гэрээр орж, түлшний чанар, хэрэглээний тухай ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Иргэн н.Цэнгэл автобусны буудлаас холгүй, өөрийн ах эгч нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа, очиж болно гэдгийг хэлсний дагуу, Хотын захирагч С.Амарсайхан иргэн н.Цэнгэлийн машинаар түүний ах Х.Хишигцэвэгийнд очиж, гэрийн эзнээс зөвшөөрөл авч гэрт нь зочиллоо.
Хотын захирагч С.Амарсайхан “Танай дүүтэй тааралдаад, дагаад хүрээд ирлээ. Гэртээ орохыг зөвшөөрсөн та хоёртоо баярлалаа. Бидний ингэж айл өрхөөр орж байгаа нь сайжруулсан түлшний хэрэглээ ямар байна, борлуулалтын цэг айл өрхүүдэд хэр ойрхон байна вэ, шөнө очоод авахад нээлттэй байна уу, тээвэрлэлт хүртээмж нь ямар байна вэ, түлш хэрэглэх зөвлөмж мэдээлэл иргэдэд хэр зэрэг хүрч байна, түлшний хэрэглээний аюулгүй байдлын асуудал, галлах арга аргачлалын талаар түлш хэрэглэж байгаа иргэдийнхээрээ орж үзье, тулгамдсан хүндрэлтэй асуудлыг нь шийдвэрлэхийн тулд газар дээр нь очиж ажиллая үзье, санал гомдлыг нь сонсоё, мөн дүүрэг хорооны ажил амьдралын талаар ярилцая гэж танайхыг зорьж ирлээ. Шаардлагатай бол сайжруулсан түлш түлдэг айл өрхөөр орж хоноё гэж бодож байгаа. Хотын даргын хувьд зүгээр мэдээлэл сонсоод явах биш иргэдийнхээ дунд орж асуудлын шийдэл гарцаа олох нь чухал гэж бодож байна” гэв.
Иргэн Х.Хишигцэвэгийн гэр бүл монгол гэрт амьдардаг, “Дөл” төслийн зуух хэрэглэдэг бөгөөд гэрийн эзэгтэй хэлэхдээ “Сайжруулсан түлшний чанарын хувьд үнс нэлээд гардагийг эс тооцвол шаталт, дулааны барих чанарын хувьд давгүй л юм. 1-2 кг түлшээр галлахад өглөө болтол дулаанаа барьчихдаг. Түлшний цэгийн тухайд саяхан огцом хүйтрэхэд Шар хадны эцэс дээр байдаг цэг түлшгүй болсон учир Цайз захаас очиж авсан. Бид хоёр өглөө ажилдаа гараад оройдоо гэртээ ирдэг болохоор тэр бүр хороон дарга, хэсгийн ахлагчтайгаа тааралдахгүй байгаа. Хотын даргад хандаж хэлэхэд манай энд хог ирж ачилгүй их уддаг, хогны машин сардаа нэг удаа, заримдаа бүр хоёр сард нэг удаа ирдэг. Өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгөхөд гээд өглөө 06:00 цагт очиход очер нь дуусчихсан байдаг. Дүүргийн эмнэлэгт хүүхдийн шүд үзүүлэх гээд зөвхөн нэгдэх өдөр авдаг, өглөө эрт очиход хэдхэн хүнд очер тараагаад дуусчихсан гэх юм. Иймээс хүүхдийн шүдийг өндөр үнэтэй ч гэсэн хувийн эмнэлэгт үзүүлэхээс өөр аргагүй болдог” гэв.
Хотын захирагч С.Амарсайхан “Дүүргийн удирдлага, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга удирдлагуудыг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийг нь өрхийн эмнэлэг дүүргийн шүдний төв дээрээ очиж газар дээр нь очиж ажиллуулж, энэ асуудлыг иргэдийг чирэгдүүлэхгүйгээр шийдвэрлэх чиглэлийг өгье. Та бүхэн пийшингийнхээ хавхлагийг түлш сайн цогшсон ч гэсэн битгий хаагаарай, сайжруулсан түлшний хувьд нүүрс сорогдоод түргэн шатахгүй учраас хавхлагаа хаахгүй байхыг бодоорой” гэв.
Үүний дараа Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг хаалттай байсан сайжруулсан түлшний борлуулалтын 161 цэг дээр очиж, борлуулагчтай нь ярилцан, түлш авахаар ирсэн иргэдэд шөнийн цагаар үйлчлэхэд анхаарч ажиллахыг уламжиллаа.