УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улс “Саарал жагсаалт” -д орсон тухай мэдээллийг өөрийн шугамаар авсан бөгөөд үүнд хоёр шалтгаан байсныг дурдан хэвлэлийн хурал хийсэн билээ.
Хоёр шалтгаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ажлын хариуцлага алдсан гэж хэлсэн бол нөгөөх нь арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх сурвалжаа нотолж чадаагүй гэж тайлбарласан.
Тэрбээр “ОУВС-ийн тавьсан шаардлагын дагуу арилжааны банкууд 700 тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн бөгөөд эх үүсвэрээ нотлох ёстой байсан. Гэвч 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нотлоод 500 тэрбум дээр нь чадаагүй. Гэтэл үүн дээр Монголбанкны ерөнхийлөгч гарын үсэг зурсан нь ФАТФ-ыг эмзэглүүлсэн байсан” гэж ярьсан юм.
Тэгвэл арилжааны банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн асуудлаар Монголбанк өнгөрсөн сарын 11-нд хийсэн хэвлэлийн бага хуралдаа юу гэж тайлбарлаж байсныг эргэн сануулъя.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “2018 оны тавдугаар сард арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээ дууссан. Хэчнээн хэмжээний хөрөнгийг хэдэн банк нэмэгдүүлэх шаардлагатай талаар бид мэдээлсэн. Тэр дагуу нэмэгдүүлсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх эсэх дээр ОУВС нөхцөл тавьсны дагуу АНУ-ын компани хөндлөнгийн шалгалт явуулсан.
Банкуудын эх үүсвэрүүд бол мөнгө угаах, эсвэл хоосон бичилт хийж бүрдүүлээгүй гэдэг нь баталгаажсан. Энэ бол нааштай мэдээ гэж болно. Харин нэмэгдсэн эх үүсвэр нь өөрөө банкны дүрмийн санд орж явах боломжтой юу гэдэг дээр хууль эрх зүйн дүгнэлт хэрэгтэй болсон тул есдүгээр сарын эхээр үр дүнг эцэслэж чадаагүй. Учир нь хөндлөнгийн шалгалт хийсэн компани нь АНУ-ын компани учраас Монголд хууль эрх зүйн дүгнэлт гаргах үүднээс манай дотоодын нэг компанийг сонгож, дүгнэлтээ гаргуулах байх” гэж байжээ.
Монголбанкнаас мэдэгдэл гаргаж хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай банкуудын нэрийг зарлаж байв.
Үүнд:
- Худалдаа хөгжлийн банк,
- Голомт,
- Улаанбаатар хотын банк,
- Капитрон,
- Чингис хаан,
- Үндэсний хөрөнгө оруулалтын банк,
- Капитал зэрэг банк нь өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай байгааг тогтоов гэж Монголбанк мэдээлж байсан билээ.