“Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл хот үүсгэн байгуулагдсан түүхт 380 жилийн ойгоо бид бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд оршин суугчдадаа үлдэцтэй, амьдралд нь дэм тустай, хотын хөгжлийг урагшлуулсан үр дүнтэй бүтээлч ажлуудыг шат дараалан хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн орон сууцны батламжийг гардуулах ажил бол эхний ээлжинд хэрэгжүүлсэн ажлын нэгээхэн хэсэг. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ирэх 2020 онд иргэд, оршин суугчдаа ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангахын тулд орлогод нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх боломжтой орон сууц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн удирдлагууд бодлогоо тодорхойлж, хувийн хэвшил гүйцэтгэлийг хангадаг төр хувийн хэвшлийн түншлэлээр хотоо хөгжүүлнэ” хэмээн хэллээ.
“Буянт Ухаа-2” хорооллын зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу цахим бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан. Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулж, энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орсон 580 айл ийнхүү батламжаа гардан авлаа.
Нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар “Улаанбаатар хотод анх удаа Азийн орон сууцны форумыг зохион байгуулж иргэдийнхээ орлогод нийцсэн орон сууцтай болгох жишгээр туршлага солилцлоо. Бид орон сууцны түрээс, түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа хэрэгжүүлж эхэллээ. Цаашид бид иргэддээ чанартай аюулгүй, тухтай орчинд амьдрах нөхцлийг нэн тэргүүнд тависан орон сууцны олон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлнэ” хэмээн онцолж хэллээ. Батламжаа гардан авсан иргэд хуваарийн дагуу орон сууцандаа орж эхлэх аж. Ингээд батламжаа гардан авсан зарим иргэдийн сэтгэгдлийг хүргэе.
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өндөр настан 88 настай Д.Очирбат:
-Олон жил хүлээсэн байрандаа орох болсондоо баяртай байна. Энэ сонгон шалгаруулалтыг худлаа байх даа, дээгүүрээ хувааж идээд дуусдаг мэтээр бодож байсан. Гэтэл утсаар орон сууцанд орох боломжтой талаар дуулгахад баярласандаа уйлсан. Би 43 жил барилгын салбарт ажилласан. Насны сүүлд төр засгаас орон сууц авна гэдэг маш сайхан зүйл юм байна.
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Х.Базаррагчаа:
-Би 4 ба түүнээс дээш өрхийн ангилалд бүртгүүлсэн. Ам бүл зургуулаа. Анх орон сууцанд орох шалгаруулалтад тэнцсэнээ интернэтээр хараад итгээгүй. Утсаар лавлаж нэмэлт материалуудаа өгөхдөө хүртэл итгэж чадахгүй байсан. Нийслэлийн зүгээс үнэхээр ингэж залуу гэр бүлүүдээ дэмжиж байгаад баяртай байна.