Саяхан ОХУ-ын Саратов хотод есөн настай охины амь насыг хохироосон хэрэг гарч, хотын иргэдийг цочроосон билээ. Лиза охин энэ сарын 9-нд сургуульдаа яваад гэртээ эргэн ирээгүй юм.
Хот даяараа бяцхан охиныг эрэн хайсан ч түүний цогцсыг машины гараашнаас олсон.
Энэ хэргийг 35 настай этгээд үйлдсэн байсан бөгөөд иргэд түүнийг ард түмний гарт өгөхийг шаардаж, цагдаагийн газар руу дайрсан тул цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэж байж, гэмт этгээдийн амь насыг аварсан юм.
Лиза Киселев охиныг оршуулах ёслолд олон мянган хүн ирж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон тохиолдолд хатуу шийтгэх, цаазын ялыг эргүүлэн сэргээхийг шаарджээ.
Энэ үйл явдалтай холбогдуулан ОХУ-ын Төрийн Думаас олон нийтийн сүлжээгээр “Бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хохироосон хэрэгт цаазын ялыг сэргээн хэрэглэх ёстой юу” гэсэн санал асуулга явуулж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар санал асуулгад 146.736 хүн оролцож, 79.12 хувь нь цаазын ялыг сэргээхийг дэмжжээ. Харин 17.41 хувь нь эсэргүүцсэн байна.
Төрийн Думын депутат Евгений Примаков “Цаазын ялыг сэргээх хэрэгтэй. Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эсрэг гэмт хэрэг, эх орноосоо урвасан, алан хядах ажиллагаа хийсэн болон их хэмжээний авлига авсан этгээдүүдэд цаазын ял оноох хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Zindaa.mn