Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Австралийн Элчин Сайдын Яам, (МУЗ) нь Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ), Номадиа Пикчерс ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг арван нэг дэх жилдээ 2019 оны 10-р сарын 14 буюу өнөөдөр Улаанбаатар хотноо эхлэж байна.
Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа ба Монгол киноны уралдаант хэсэгт 2018 оны 10 сараас хойш бүтээгдсэн МУСК-ыг шалгаруулан оролцуулж байгаа билээ.
2019 оны УБОУКН-ын Монгол киноны уралдаант хэсэгт найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай”, найруулагч Б.Тулгаагийн “Буцаагүй амлалт”, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь”, найруулагч Д.Ганцэцэгийн “Халуун зүрх”, найруулагч Ц.Хүсэлбаатарын “Нинжин сэтгэл”, найруулагч Ж.Сэнгэдоржийн “Би нар”, найруулагч Т.Мөнх-Оргилын “Тойрон эргэлдэх үхэрнүүд” бүтээлээрээ оролцон өрсөлдлөө.
Эдгээр найман бүтээлээс “Халуун Зүрх”, “Хийморь”, “Би Нар” УСК нь тус наадмын Монгол кино хөтөлбөрт сонгогдон 2019 оны 10-р сарын 16-ны өдөр Тэнгис кино театрын дэлгэцнээ ганцхан удаа толилуулагдах болно.
Мөн тус хөтөлбөрийн шилдэг уран сайхны кино, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг продюсерийг шагнах “Хангарьд” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 10-р сарын 16-ны 19:00 цагт Тэнгис кино театрт болох ба Хангарьдын эздийг тодруулах болно.