Тестостерон дааврын синтетик дуураймал буюу стероидын төрлийн бэлдмэл нь өвчтэй хүний биеийг хурдан сэргээдэг. Эрүүл хүн хэрэглэвэл биеийн жин, булчингийн хүчийг богино хугацаанд огцом нэмэгдүүлдэг ажээ. Анхандаа тамирчид, тив дэлхийн аварга, олимпийн тэмцээнд оролцохын өмнө чөлөөтэй хэрэглэдэг байж. Сэргээш гэгч угтаа тамирчны амжилтыг нэмэгдүүлдэг ч эрүүл мэндэд нь маш хортой нөлөө үзүүлдэг нь тодорхой болсноос хойш хориглосон байдаг. Тус бэлдмэлийг хамгийн их хэрэглэдэг спорт нь бодибилдинг хэмээн яригддаг. Энэ талаар мэдээлэл авахаар Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спортын мастер, IFBB-н олон улсын шүүгч, Аэробик, Фитнессийн багш Б.Оргилмаатай ярилцсанаа хүргэж байна.
-“Допинг”-ийн талаар тодорхой ойлголт өгөхгүй юу. Яагаад допингийг эсэргүүцдэг юм бэ?
-Допинг гэдэг зүйл нь хүний хөгжлийн ген генетикт маш хүчтэй нөлөөлж байдаг зүйл. Бодибилдинг спортоор хичээллэж байгаа хүмүүс булчингийн өсөлт хөгжилдөө өөрийн хүч хөдөлмөр, дасгалынхаа зөв техник давталтаараа сайжруулж өсгөж томруулж байх ёстой. Гэтэл сүүлийн үед дам хэлбэрээр, нөгөө талаас залуучуудын буруу сэтгэхүй нь хөгжиж мөнгө олох аргаар хүмүүст допингийг их хэмжээгээр хэрэглүүлээд байна. Допинг гэдэг зүйл маань “тестостерон” буюу эр бэлгийн гормоныг их хэмжээгээр өөрийнхөө биед авч байна гэсэн үг. Гэтэл дөнгөж өсөлт бойжилтынхоо үед яваа 18-23 насны хүүхдүүд хэрэглэж байгаа нь аюулын харанга дэлдээд байна. Үүний цаана мэдээж үргүйдэл улам залуужиж байнаа гэсэн үг. Харахад булчинлаг болсон боловч нэгдүгээрт хүний тархины эд эсийг үхүүлнэ, бэлгийн бойжилтыг үгүй хийнэ. Хоёрдугаарт элэг, бөөрний үйл ажиллагааг зогсооно. Их хэмжээгээр хэрэглэж байгаа хүмүүс бөөрний дутагдалд орно, элэгний төрөл бүрийн өвчлөлтэй болдог. Би допингийг тамирчдын хар тамхи гэж бүрэн итгэлтэйгээр хэлнэ.
Тэмцээн уралдаанд орохдоо хэрэглэдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ бол бүр “эмгэнэл”. Хамгийн нэгдүгээрт эмэгтэй хүний дуу хоолойны өнгө бүдүүн баргил болчихдог. Төвөнх нь бараг гарчихсан байдаг, бас хөхний ургалт байхгүй болно. Бэлтгэлтэй холбоотой юм уу гэхээр бас яг тийм биш. Эр бэлгийн гормон буюу “тестостерон” гэдэг зүйлийг өндөр доозоор тухайн хүн тарьж хэрэглээд байгаатай холбоотой.
Өсөлтийн гормон гээд байгаа зүйлийг өнөөх хөгширдөггүй гээд байдаг одод ихэвчлэн хэрэглэсэн байдаг. Ер нь дан Монгол гэлтгүй дэлхий нийтээрээ хэрэглэдэг допинг гэх зүйл нь хүний өөхөн давхаргыг багасгаад булчинг хөөлгөдөг. Гэтэл өсөлтийн гормон гэдэг нь анагаах ухаандаа юунд зориулагдсан зүйл вэ гэхээр, дутуу хөгжилтэй хүүхэд, хэт намхан, өсөлт бойжилт нь хоцрогдмол хүүхдүүд л хэрэглэх зориулалттай бүтээгдэхүүн юм шүү дээ.
Энэ асуудал манай орны хувьд анхаарлын төвд орчихоод байна. Үүнийг яаралтай таслан зогсоохгүй бол үндэсний аюулгүй байдал хөндөгдөхөд ч хүрнэ. 2007, 2008 оноос эхлээд дэлхий нийтээрээ допингтой тэмцээд сүүлдээ хүчирхээ байгаад торгох, эрхийг нь хасах зэргээр л аргацааж байна. Харин одоо бол зарж борлуулж байгаа хүнийг олж гэмээ нь хамгийн доод тал нь 2.5 жилээр хорьдог болсон.
-Монгол улсад допинг оруулж ирэхийг зөвшөөрдөггүй биз дээ?
-Допинг гэдэг зүйл нь мансууруулах бодист ордог учраас хуулиараа хориотой. Гэвч энэ зүйлийг бүрэн гүйцэт хянаж чадахгүй л байна.
-Бодибилдингийн тэмцээн болохоос өмнө допингийн шинжилгээ авдаг уу?
-Допингийн шинжилгээг хоёр янзын аргаар авдаг. Допинг хэрэглэсэн тамирчин нүдэнд илт харагддаг. Шүүгчид болон ерөнхий шүүгч нарын саналаар “тэр дугаартай тамирчнаас допингийн шинжилгээ авъя” гэх зэргээр санал хураадаг.
Дэлхийн допингийн эсрэг үндэсний төв байдаг. Түүний нэг салбар нь манай улсад ажилладаг. Нөгөө арга нь, тухайн байгууллагын хүмүүс ирээд үзэгчдийн суудалд сууж байгаад допингтой хүмүүс мэдэгдвэл үзүүлбэр үзүүлсний дараа шууд тайзнаас нь буулгаад, гарын үсэг зуруулан тусгай өрөөнд шинжилгээ авдаг. Одоогийн байдлаар зөвхөн шээсээр өгч байна. А сорил, В сорил гэсэн хоёр төрлөөр авдаг. Цусаар одоохондоо өгөөгүй, гэхдээ хүсвэл цусаар өгч болно. Допингтой тамирчдын арьсны өнгө нь өөрчлөгдчихсөн, хөхний толгой байхгүй, цээж нуруу зэргээр нь идээтэй хатиг шиг тууралтууд гарсан байдаг. Ганц бодибилдинг гэлтгүй үндэсний бөх, хүндийг өргөлтийнхөнд ч хэрэглэдэг асуудал олон байна. Бодибилдингийн нэгдсэн холбоо нь допингийн эсрэг дэлхийд цорын ганц хүлээн зөвшөөрөгдсөн “IFBB” буюу Олон улсын бодибилдингийн холбооны албан ёсны монголын цорын ганц холбоо юм.
-Хэрвээ тэмцээн уралдаанд оролцож байгаа тамирчнаас допинг илэрвэл тухайн тамирчинд ямар шийтгэл ноогдуулдаг вэ?
-Эхний удаад Дэлхийн холбооны дүрэмд зааснаар эрхийг нь дөрвөн жилийн хугацаатай хасдаг. Дөрвөн жилийн дараа тухайн тамирчин тэмцээндээ ороод дахин допинг хэрэглэсэн байвал бүх насаар нь эрхийг нь хасдаг. Дахин фитнесс зааланд бэлтгэл хийх, тэмцээн болж байгаа газар байх эрхийг нь ч хүртэл хасдаг. Жишээлбэл, шээснээс нь допинг илэрвэл нэгдүгээр байранд орсон эрхийг хураан хоёрдугаар байранд орсон хүнд өгдөг.
-Эрх сэргэсний дараа цол нь хэвээр байх уу?
-Хэрэв дахин хэрэглээгүй л бол хасуулсан жилийн урьдах шагнал цол нь хэвээрээ байна.
-Тамирчин болгонд чиг үүрэг өгч ажилладаг, дасгалжуулагч багш байдаг шүү дээ. Гэтэл яагаад допингийг хэрэглээд байна вэ?
-Чиний асуудаг маш зөв. Энэ бол багш мэргэжилтнүүд, боловсон хүчин маш ховор болчихсон, мэдлэг дутуугаас болж байгаа асуудал юм. Азийн бодибилдингийн нэгдсэн холбоо IFBB-гын албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дасгалжуулагч бэлдсэн сургалтуудыг шат дарааллан өгч ажиллаж байгаа.
-Сүүлийн асуулт. Фитнессийн хоёр холбоо байдаг энэ яг ямар учиртай юм бэ?
-1989 онд анх “Монголын бодибилдингийн холбоо” нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. 2009 онд манай холбоо эрх ашгийн зөрчлөөс болоод хоёр хуваагдсан. Гэтэл салаад явсан хамтран зүтгэгч нөхөд маань тамга тэмдгээ аваад явчихсан. Үлдсэн бид цаашид үйл ажиллагаагаа явуулах эрх хязгаарлагдсан. Олон улсад үйл ажиллагаагаа явуулах, тэр олон тамирчдын эрх ашгийг хохироохгүйн тулд дахин шинэ холбооны нэр авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагатай болсон юм.
-Цаг гарган бидэнд чухал сэдвээр ярилцлага өгсөн танд баярлалаа.
Ярилцсан: Т.Пагмаа
4 comments
SERGEESH BUYU EM BELDMEL HUCH ORUULAGCH,NUGUU MIMI CHINI L BAIHGUYUDA
Монгол улсын Аварга Э.Оюунболд нь допинг хэргэлсэн гээд олон улсын лаборторийн дүгнэлтээр тогтоогдсон байхад ямар нэг шийтгэл оногдуулах шийдвэрийг Монгол Бөхийн Холбооны удирдлага Б.Батэрдэнэ эрх мэдлийнхээ дагуу гаргах боломжтой юм. гэвч ийм шийдвэр гаргаж байна.допингийн талаар ийм байр суурьтай байна гэсэн мэдэгдэл яагаад хийхгүй байна аа. тамирчидаа ийм зүйлээс хол байлгах талаар сургалт зохион байгуулах боломж байхгүй юу. Б.Батэрдэнэ та холбооний удирдах эрх мэдэл, хөрөнгөө мэдэх эрх мэдэл гээд бүгдийг авсан одоо шударгаар ажиллахыг бөхчүүд болон бөх сонирхогчид шаардаж байна. аваргаа аварга гэдэгээ харуулаач.NO DOPING хөдөлгөөний зохион байгуулагчид
NoDoping ! Санжаа аварга одоо зөв дуугарч эхэллээ маш сайн бна
ҮНЭН ТҮРҮҮЧИЙН ДОПИНГО ХЭРГЭЛСЭН ЛАЛАРУУДЫГ ШИЙТГЭХГҮЙ БҮР ДАВРААД ДАХИН ДАХИН ХЭРГЭЛЖ БГАА НОВШНУУД ЭНЭ НОВШНУУДЫН ЦОЛ АЛБАН ТУШААЛААС НЬ ЗАЙЛУУЛ ЭНЭ ЛУЙВАР ЗАЛИЛАН МӨН ШҮҮ ДЭЭ