Анураг Котоки
Huyndai компани энэ зун Энэтхэгт анхны цахилгаан машинаа танилцуулж, “Ирээдүй рүү давхия” уриан дор мянганыханд хандаж сурталчилгаа явуулсан. Гэвч хэсэг хугацааны дараа тус компани зам дээр ганцаар байгаагаа мэдрэв. 150 сая жолоочтой Энэтхэг улсад дөнгөж 130 ширхэг Kona цахилгаан SUV зарагдсан байна. Дэлхийн дөрөв дэх том автын зах зээлд Засгийн газрын дэмжлэггүйгээр цахилгаан машин нэвтрүүлэхэд хүндрэл учирч байгаа нь учир шалтгаантай.
Цахилгаан машины үнэ Энэтхэгт хүртээмжтэй бус. Засгийн газар хийгээд авто үйлдвэрлэгчид ойрын хоёр, гурван жилд цахилгаан машины борлуулалт бодитойгоор сайжирна гэж төлөвлөөгүй
Kona 35000 ам.долларын үнэтэй бол Энэтхэгийн дундаж иргэн жилд 2000 ам.долларын орлоготой агаад хямдхан бензин машин 4000 орчим ам.долларын үнэтэй. Гэхдээ цахилгаан машин урагшлахгүй байгаа ганц саад нь үнэ биш юм. Цэнэглэх дэд бүтэц байхгүй, банкууд зээл олгохдоо хойрго байгаа болон улсын байгууллагууд цахилгаан машин ашиглах хүсэлгүй зэрэг нь борлуулалтыг хойш татжээ. Сүүлийн зургаан жилд Энэтхэг даяар 8000 хүрэхтэй үгүйтэй цахилгаан машин зарагдсаныг Bloomberg мэдээлсэн байна.
Maritu Suzuki компанийн захирал Бхаргава “Цахилгаан машины үнэ Энэтхэгт хүртээмжтэй бус. Засгийн газар хийгээд авто үйлдвэрлэгчид ойрын хоёр, гурван жилд цахилгаан машины борлуулалт бодитойгоор сайжирна гэж төлөвлөөгүй” хэмээн дүгнэв. Дэлхийн агаарын бохирдлоор тэргүүлдэг энэ улсын засаг захиргаа дөрвөн жилийн өмнө цэвэр машиныг дэмжиж эхэлсэн боловч олигтой ахиц гараагүй байна.
Хоёрдугаар сард Ерөнхий сайд Нарендра Модийн танхим татаас, дэд бүтэц ба сурталчилгаанд зориулан 1.4 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн. Иймээс Энэтхэгийн цахилгаан машины зах зээлийн өсөх ирээдүйг үл хайхарч болохгүй. Тус улсад 1000 иргэнд 27 машин ногдож байгаа бол Герман уг үзүүлэлт 570 байдаг. Японы Maritu Suzuki компани эндхийн зах зээлд зарагдаж буй хоёр машины нэгийг нийлүүлдэг.
Тус компани дараа жилээс анхны цахилгаан машинаа танилцуулахаар төлөвлөж байна. Шинэ Делийн оршин суугч 34 настай Девдас Найр “Би Kona-г сонирхсон. Гэвч үнэ нь дэндүү өндөр учраас бодлоо өөрчилсөн. Үнэн хэрэгтээ бол бодохоо огт больсон” хэмээжээ.
Эх сурвалж: GoGo.mn