БОАЖЯ-наас Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уул, Хөнжил уул, Цагаан суварга орчмыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргаад бэлтгэл ажилдаа оржээ.
Дээрх газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад байгаль орчны үнэлгээ хийх ажлын хэсэг саяхан дээрх газар нутагт очиж ажилласан байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгааны төвийн захирал доктор Б.Оюунгэрэл, Зэрлэг амьтан хамгаалах, судлах ажилд үр бүтээл гаргасан хүнд олгодог
Денверийн Зоологийн сангийн 2016 оны шагналтан, Их Нартын тусгай хамгаалалттай газрын ерөнхий зөвлөх, агнуур зүйч, доктор С.Амгаланбаатар, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор С.Хүрэлсүх, АНУ-д төвтэй олон улсын Байгаль хамгаалах “The Nature Conservancy” /TNC/ байгууллагын Монгол дахь төвийн ажилтан Э.Анхбаяр нар багтсан байна.
Ажлын хэсгийнхэн хамгаалалтад авах гэж буй газар нутгийн ерөнхий байдал, байгалийн үзэсгэлэнт газрууд, ан амьтан, түүх соёлын дурсгалт зүйлс, агуй, хайлаас болон заган ой зэргийг үзэж танилцан цаашид эдгээр газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахад туслах, байгаль орчин, ан амьтан, түүх соёлын дурсгалыг хамгаалах чиглэлээр орон нутагтай хамтран ажиллахаар тохиролцжээ. Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тус Дэл уул ормын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах эцсийн шийдвэр нь аймаг, сумын ИТХ, БОАЖЯ-ны сайдын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар дамжин хэлэлцэгдэж УИХ-ын 2020 оны хаврын чуулганаар эцэслэн батлагдах чиглэлтэй байгаа юм.