ОХУ-ын Буриадын Байгаль орчны хяналтын газраас баавгайн халдлагаас иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалах, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга гаргалаа.
Энэ жил Сибирьт гарсан ойн түймрийн улмаас идэх хоол хүнсгүй болсон баавгай Байгаль нуур орчмын нутаг руу олон тоогоор нүүдэллэж байгааг шинжээчид тогтоосон байна.
Онцгой байдлын албанд баавгай тосгонд орж ирлээ гэсэн мэдээ өдөр бүр ирж байгаа аж. Баавгай малчдын мал сүрэг, нохойнд халдахаас гадна хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Энэ сарын 6-нд Байгалийн хязгаарын Хилок дүүргийн ойд 50 настай эмэгтэй баавгайд бариулж, амь насаа алдсан байна. Эмэгтэйн цогцсыг Тэрэпхэн тосгоноос 200 км хол орших ойгоос олжээ.
Энэ сарын эхээр Бичура тосгоны дунд сургуулийн ойролцоо хоол хайн явж байсан баавгай хүүхдүүдийн амь насанд аюул учруулж байсан тул цагдаа нар буудаж устгахаас өөр аргагүй болсон байна.
Буриадын Байгаль орчны хяналтын газраас “Баавгай үнэрээр нь ирэх магадлалтай тул хоол хүнсний хаягдлаа ил хаяхгүй байхыг анхааруулъя. Ойд явахдаа баавгай хаанаас ч гарч ирж магадгүй тул анхаарал болгоомжтой байх, дуу чимээтэй явах. Хүнсний хаягдал, малын сэг зэмийг бүрэн устгах. Баавгай тааралдвал хүмүүст анхааруулж, 112 дугаарт залгаарай” гэж дурджээ.