Улаанбаатарт Солонгосын хойгийн нэгдлийг хэлэлцэж байна

Солонгосын хойгийн нэгдлийг аль болох хойш нь татахгүйгээр хүмүүнлэгийн харилцаагаар дамжуулан зөөлөн бодлогоор дэмжих нь нааштай үр дагавартай” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат өнөөдөр болж буй “Солонгосын Хойгийн нэгдэл-2019” олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр онцлон хэлж байв.

“Blue Sky” зочид буудалд болж буй дээрх олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Ардчилал, Энхтайван нэгдлийн зөвлөлийн Зүүн Өмнөд Азийн умард бүсийн Холбооны Монгол Улс дахь салбар зохион байгуулж, БНСУ-ын ЭСЯ дэмжин оролцож байна. Хуралд БНСУ-ын Үндэсний аюулгүй байдал, стратегийн хүрээлэнгийн Монгол дахь салбар зөвлөлийн гишүүд, Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форумын төлөөлөгчид, эрдэмтэн, судлаачид оролцлоо.

Солонгосын хойгийн нэгдэх үйл ажиллагаанд Монгол Улс хэрхэн оролцож ирсэн, одоо хэрхэн ажиллаж буй талаар Солонгосын нэгдлийг дэмжих Монголын форумын ерөнхий зохицуулагч, доктор Б.Лхагваагаас тодруулбал, “Солонгосын хойгийн нэгдэл Монгол Улсад ямар ашиг тустай талаар сая нэг сэтгүүлч надаас асууж байна. Монголд маш ашигтай.

Яагаад гэвэл дэлхий ертөнц улам даяаршиж байна. Дээр нь улс орнуудын харилцан хамаарал их боллоо. Монголчууд, Монгол Улс Солонгосын хойгийн талаар яагаад анхаарал тавьдаг гэвэл энэ үйл ажиллагаа олон жил болж ирсэн юм. Нэгд, Солонгосын хойг оршдог энэ бүс нутгийн 5-6 орны нэг нь манай улс. Тэр дотроо Монгол Улс тухайн бүс нутагт энхтайван, аюулгүй байдлыг хангах талаар хамгийн их санаачилгатай явж ирсэн улс. Ялангуяа Зүүн хойд Азид Монгол Улс Европын холбоо шиг, Хойд Америкийн холбоо шиг, худалдаа-эдийн засгийн интеграцийн бүтэц бүрдээгүй байх үеэс санаачилгатай явж ирсэн юм” гэдгийг тодотгож байв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Энэхүү бүс нутагт олон талт аюулгүй байдлын механизм бүрдээгүй байхад, Монгол Улс 1970-1980-аад оноос эхлээд дээрх асуудлаар НҮБ-ын шугамаар, хоёр талын харилцааны шугамаар, бүс нутгийн хүрээнд байнга санаачилга гарган тавьж байсан юм. Их идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн улс юм. Энэ бол манай улсын гадаад бодлогын гол зорилтын нэг байсаар ирсэн. Бүс нутаг маань хямрал ихтэй, үе үе хямардаг. Хямралыг бид энхтайванч, эв зүйгээр зохицуулахын төлөө явж байна” гэдгийг онцолсон юм.

Хуралд БНСУ-ын Аюулгүй байдал, стратегийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, ахлах судлаач Чүэ Юн Хуан “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах арга зам”, “Blue banner” ТББ-ын тэргүүн, Элчин сайд асан, доктор Ж.Энхсайхан мөн “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар эрчимжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Энэ удаагийн хурлыг зохион байгуулагч Ардчилал, Энхтайван нэгдлийн зөвлөлийн Зүүн Өмнөд Азийн умард бүсийн Холбооны Монгол Улс дахь салбар нь БНСУ-ын Ардчилсан энх тайвныг бий болгох шаардлагатай, үндсэн улстөрийн бодлого боловсруулж, тус улсын Ерөнхийлөгчид санал оруулан хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг, Үндсэн хуулийн, Ерөнхийлөгчийн зөвлөх байгууллага юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн