“Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх, гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг нар шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тодруулбал, шахмал түлшний угаарт хордож таван хүн амиа алдсаны төлөө Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой бөгөөд огцортол нь тэмцэнэ гэдгээ тэд хэлэв.
“Засгийн газрын бодлогын үр дүнд таван хүн, тэр дундаа хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байхад хотын дарга, Засгийн газрын тэргүүн нь хариуцлага хүлээх ёстой. Шахмал түлшийг эсэргүүцэж, гэр хорооллын иргэдийн газрыг эргэлтэд оруулж, дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэхийг бид удаа дараа шаардаж, тэмцсэн боловч сонсоогүй. Цаашид хэдэн хүн амиа алдахыг мэдэхгүй. Тиймээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхдээ золиосолж буй гэр хорооллынхны төлөөх тэмцлээ бид Сүхбаатарын талбайд жагсаалаар эхлүүлнэ. Цаашлаад суулт, өлсгөлөн зарлана” хэмээн Я.Мөнгөнцэцэг мэдэгдлээ.