УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр /2019.10.08/ хуралдаж, УИХ-ын зарим гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдсэнгүй. Хурал ирэх долоо хоног хүртэл хойшилжээ. УИХ-ын Ёс зүйн дэд хороо есөн гишүүнтэй өгөөд зургаан гишүүний ирцтэйгээр хуралдах ёстой ч таван гишүүн ирсэн учраас хуралдаж чадсангүй.
Тус байнгын хороог УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүлдэг бөгөөд
Х.Баделхан.
Л.Мөнхбаатар.
Б.Наранхүү.
Д.Сарангэрэл.
Д.Тогтохсүрэн.
Г.Тэмүүлэн.
М.Энхболд.
Д.Эрдэнэбат нар багтдаг.
Гэвч дэд хороонд бүртгэлтэй Засгийн газрын гурван гишүүн буюу Д.Сарангэрэл, Х.Баделхан нар хуралд ирсэнгүй. Засгийн газрын гишүүний ажил хүнд учраас тус дэд хороонд байх гурван гишүүнийг чөлөөлөх хүсэлтийг тавьсан боловч УИХ хэлэлцэн шийдээгүй байгаа аж.
Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэгдсэн чуулганыг тасалдуулж, гишүүдийн карт сугалж, ирцийг санаатайгаар тасалдуулахыг оролдсон Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг тасалдуулсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудлыг хэлэлцэх байжээ.
Мөн иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс ирүүлсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Л.Болд, Ж.Мөнхбат нарын гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдсэн асуудлыг хэлэлцэх байв.
Ёс зүйн хороонд хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудлаар хэлэлцэгдэх гэж байгаа гурван гишүүн тайлбараа ирүүлсэн бөгөөд тэдний асуудлыг энэ хурлаар хэлэлцэх ёстой байсан юм.