Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 09:00 цагт Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал эхлэв. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан юм.
Прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж, Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүний 266 сая төгрөг авсан гэх хэргийг хэлэлцээд гэм буруутайд тооцож, дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм. Ялтан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.
Эрүүгийн хуулийн 263 зүйл:
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
263.1.Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: Энэ бүлэгт дурдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГ
22.4 дүгээр зүйл. Хахууль авах
4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.