Холливудын од Анжелина Жолигийн гадаад төрхийг хэдэн жилийн турш дууриахыг хичээж буй иран бүсгүй Инстаграм хуудсандаа зургаа тавьсан биш улсынхаа хууль тогтоомжийг зөрчсөн хэргээр баривчлагджээ.
22 настай Сахар Табар Инстаграм дахь аймшигтай зургаараа дэлхий дахинаа алдаршсан билээ. Жолитой төстэй болох гэж хичээсэн тэрбээр 2017 онд ярилцлага өгөх үеэрээ олон тооны мэс ажилбарт орсон гэдгээ хүлээсэн. Гэтэл жилийн дараа огт мэс засалд ороогүй гэх болсон байна. Харин фотошоп, тусгай мэйк-апын тусламжтайгаар ийм төрх бүрдүүлсэн гэжээ.
Сахар Табар “Энэ бол мний өөрийгөө илэрхийлэх арга, өөрийн гэсэн урлаг. Шүтэн бишрэгчид маань энэ миний жинхэнэ нүүр царай биш гэдгийг мэднэ” гэж мэдэгдэж байв. Гэсэн ч түүнийг дагагчдын тоо өдөр өдрөөр өссөөр байлаа.
Гэхдээ тэдний дунд түүнийг дэмждэггүй хүн олон байсан бөгөөд Иранд түүнийг хууль тогтоол биелүүлдэггүй гэж матсанаар саатуулжээ. Блогчин бүсгүйг бурхан шүтээнээ гутаан доромжилсон, хүчирхийлэл, хулгайд уриалсан, авлигыг өөгшүүлсэн, түүнчлэн улс орныхоо “дресс код”-ыг зөрчсөн гэж буруутгаж, 400 мянган дагагчтай блогийг нь устгасан аж.
Эх сурвалж: Woman.ru