Өнөөдөр МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намын зөвлөл хуралдана. Мөн “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах үүрэг бүхий ажлын хэсэг тухайн асуудалтай холбогдуулан хуралдах юм байна.
Пүрэв гарагт МАН-ын бүлэг хуралдаж, хоригийг хүлээн авахгүй гэдэгт санал нэгдсэн. Харин баасан гарагийн УИХ-ын хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, санал хураалтад 53 гишүүн оролцсоноос 64.2 хувийн саналаар хоригийг хүлээж авсан юм.
Хоригийг хүлээн авснаар ямар нөхцөл байдал үүсэх талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хоригийг хүлээгээд авчихвал ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно. Хоригийг хүлээж авбал хоёрхон гарц бий. Нэгдүгээрт, гуравдугаар хэлэлцүүлгээр батлах, хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зогсоох. Гуравдугаар хэлэлцүүлгээр батлах боломж бий. Гэхдээ МАН сонгуульд оролцохдоо ард нийтийн санал асуулгаар батлуулахаа амласан” гэсэн юм.
Мөн өнөөдөр ажлын хэсгүүд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
•Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас;
•“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас;
•Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас;
•Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүний тус тус өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас;
•Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас;
•Улсын Их Хурлын даргын 2019 оны 199 дүгээр захирамжаар байгуулагдсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх, судлах” үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас болно.