Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол цаашид ямар процесс үргэлжлэх бол?
-Хоригийг хүлээж авахгүй ч гэсэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо УИХ гаргах ёстой. 30 тэрбум төгрөг байгаа, байхгүй гээд гацчихаад байгаа. Дараагийн алхмыг л харна даа.
-Ерөнхийлөгчийн хоригийн үндэслэл нь юу юм бэ?
-Хоригийн үндэслэл маш тодорхой. Хүн болгонд таалагдах албагүй шүү дээ. Буруу, зөвийг нь Их хурал шийдэх юм чинь.
-Та өчигдөр 30 тэрбум төгрөгийг “үгүй” гэдэг хариулт авахын тулд зарцуулах шаардлагагүй гэсэн?
-За, үгүй гэдэг хоёр хариултын нэгийг нийт сонгуулийн насны 2 сая иргэнээс авахын тулд 30 тэрбум төгрөг зарцуулах нь дэндүү хайран байна гэсэн. Аль нэгэн ээлжит юм уу, ээлжит бус сонгуультай цуг явуулах юм бол үнэгүй хийгдэнэ шүү дээ. Тэр утгаар нь ярьсан юм.
-Тэгэхээр Ард нийтийн сонгуулийг 2020 оны сонгуультай хамт явуулах боломжтой гэж та хэлж байна уу?
-Ард нийтийн санал асуулга 2020 ондоо явуулна уу, одоо ээлжит бусаа хийнэ үү гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ард нийтийн санал асуулгагүйгээр ч гэсэн Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг батлах боломж нь Үндсэн хууль дотор өөрт нь байж байгаа.
-Та угаасаа Цэц дээр очоод унана гэсэн зүйл хэлсэн. Ямар үндэслэлээр тэгж хэлсэн юм бэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь шинэ биш. 1999 оны нэмэлт өөрчлөлтийг цэц дээр унагасан. Түүнийг нь үл тоогоод 2000 онд УИХ өөрийнхөөрөө баталсан. Тэр үед яригдаж байсан үндэслэлээр яг адилхан алдаагаа давтчихсан учраас “унана шүү” гэж хэлээд байгаа юм. 2000 онд ҮХНӨ-ийг баталснаас хойш дахиж ийм замбараагүй нэмэлт, өөрчлөлт хийж болохгүй гэдэг утгаар 2010 оны арванхоёрдугаар сард УИХ-аас ҮХНӨ-ийг хэрхэн явуулах талаар журмын тухай хууль гарсан. Энэ хуульд тусгасан зохицуулалтыг зөрчөөд, өргөн барихдаа “хууль” гэж бичээгүй, хэлэцлэх явцдаа “хууль” гэж хэлэлгүй баталчихаад байгаа юм. Үүнийгээ засч журмын тухай хуульдаа нийцүүлээд гаргах бололцоо байна. Тэгж хийвэл баталгаатай болно.
Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулгын талаар огт яриагүй. Тийм боломж ч байхгүй. УИХ өөрчлөлт хийж болно. Гэхдээ журмынхаа дагуу явахгүй бол түүнээсээ болоод нэмэлт, өөрчлөлт хүчингүй болох аюул байна. Ингээд хэдэн жил олон зуун сая төгрөг зарцуулаад хийсэн юмаа хууль болгоод цаашаа явах нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Ингэхийн тулд хоригийг хүлээж аваад алдаагаа засаад цааш явах боломж байна гэж байгаа юм.
-Хоригийг хүлээж авлаа гэхэд хоёрдугаар хэлэлцүүлэг задрана гэсэн үг үү?
-Бүрэн авбал задрана, хэсэгчлэн авбал задрахгүй.