Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо өчигдөр (2019.10.03) хэлэлцсэн юм.
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасныг эхлээд товч дурдъя. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн гэдгийг сайд онцолсон юм. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтанд хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгажээ.
Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлсэн гэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд шүүх хэрэг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд шүүгч нэмж оруулах болон бүрэлдэхүүнгүй болсон тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг ялгаж тусгайлан зохицуулахаар тусгажээ. Мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах үүднээс прокурорын даалгаварт мөрдөгч санал бичих, мөн зарим тохиолдолд мөрдөгч даалгавар бичих эрхтэй байхаар зааж, мэдүүлэг авах тухай бүлэгт үндсэн шаардлага болон тусгагдсан боловч зарим нэг оролцогчийн эрхэд тусгагдаагүй асуудлыг тухайлан тусгасан байна.
Практикт хэрэгжүүлэх явцад анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунжруулах зэрэг асуудал гарч байгааг шийдвэрлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуулиар харьяалуулсан асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар өөрчилжээ.
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Усан замын тээврийн тухай хууль зөрчих, Төрийн болон албаны нууцын тухай хууль зөрчих, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль зөрчих, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль зөрчих зөрчлийг нэмсэн байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдаагүй аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь харьяа нутаг дэвсгэртээ Монгол Улсын хууль тогтоомж болон Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн захиргааны хэм хэмжээний акт гаргах талаар тусган холбогдох зөрчлийг хуульд тусгажээ.
Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийг багасгах, хэрэглэх албадлагын арга хэмжээг хасах талаар холбогдох байгууллагаас гаргасан саналд үндэслэн торгох шийтгэлийг хэмжээг багасгах, тусгай ангид заасан зарим албадлагын арга хэмжээг хасахаар тусгасан байна. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар тусгажээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд, зөрчил шалгах зарим ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэхээр зохицуулсан нь давхардал, хийдлээс гадна салбарын хүрээнд тус хуулийг хэрэгжүүлж байгаа улсын байцаагчдын дунд ойлголтын зөрүү бий болох зэргээр бэрхшээл үүсгэж байгааг өөрчилж, нэгтгэн зохицуулсан гэлээ.
Тусгай журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахаар заасан баривчлах шийтгэл бүхий зөрчлийг шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор холбогдогчийг дуудан ирүүлэх, зөрчлийн хэргийг нэгтгэх, тусгаарлах журмыг хуульд шинээр нэмж зохицуулсан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх журам, үндэслэлийг тодорхой тусгасан гэлээ.
Түүнчлэн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өдөрт 4 цагаас ихгүй хугацаанд нийтэд тустай ажил хийдэг байсныг өөрчилж, 8 цагаас ихгүй хугацаанд хийж болохоор тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр багагүй маргаан дэгдээсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тооцох зохицуулалттай холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар хийсэн. Тэрээр, Эх газрын системтэй орнуудын Эрүүгийн хуульд гэмт хэргийн ангилал гэж байдаг. Гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж дөрөв ангилдаг. 2015 оны хуулиар гэмт хэргийн энэ ангиллыг байхгүй болгосон. 2002 оны хуулиар нэг жил хүртэл хугацаагаар хорих ялтай хөнгөн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байсан. 5-15 жилийн хорих ялтай хүнд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 15 жил, онц хүнд хэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсан. Харин 2015 оны хуулиар найман жил хүртэл хорих ялтай хэргийг хөөн хэлэлцэх хугацааг таван жил, 8-12 жилийн хорих ялтай гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 12 жил, 25 жилийн ялтай гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 20 жил болгон багасгасан. Дараа нь 2017 оны өөрчлөлтөөр 1-8 жилийн хорих ялтай гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг таван жил гээд орхисон. Бусад хугацаанууд нь хэвээрээ. Үндсэндээ эрүүгийн хэргийн ангиллыг байхгүй болгоод тэр ангиллаас үүдэлтэй хөөн хэлэлцэх хугацааны нийт үргэлжлэх хугацааг багасгаснаас ийм маргаан гараад байгаа юм гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, О.Батнасан, Ж.Батзандан, Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Хуралдаан хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хэргийн эзний эрлээр үргэлжлэв.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-2017 оны дөрөвдүгээр сарын 16-нд Төрийн ордны 334 дүгээр өрөөнд ажлын хэсэг хуралдахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх санал боловсруулсан уу, үгүй юү. Үүнийг олон нийтэд хэлж өгөхгүй бол энэ бүхний цаана тухайн үед Байнгын хорооны даргаар ажиллаж байсан Раднаасэд байгаа гэдэг. Ажлын хэсгийн ахлагчаар нь ажиллаж байсан Х.Нямбаатар би үхэхээр чи үх гээд “Үүнийг чинь Ш.Раднаасэд хийсэн юм. Алга дарам цаасаар хүн хуурахгүй” гэж ярьсан. Би УИХ-ын Тамгын газраас бүх тэмдэглэл, соронзон бичлэгийг нь гаргуулж авсан. Би анхны хэлэлцүүлгийг нь хийх үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-ыг өөрчилсөн. 31.13 бол мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой заалт. Мөрдөн байцаалт нэрээр олон хүнийг цагдаагийн байгууллага удаан хугацаагаар үүдэнд зогсоож тамладаг байдлыг багасгах, мөрдөн байцаагчдыг хариуцлагатай богино хугацаанд хурдан шуурхай ажиллуулахын тулд энэ өөрчлөлтийг хийсэн. Гэтэл энэ өөрчлөлтийг үндэслээд заавал материаллаг хуульд өөрчлөлт оруулахгүй бол хэрэгжихгүй гээд Эрүүгийн хуулийн 1.10 буюу хөөн хэлэлцэх хугацааг богиносгох өөрчлөлтийг боловсруулсан. Харин одоо энэ төсөл дээр 31.13-ыг өөрчилсөн заалт орж ирээгүй байна. Ажлын хэсгийнхэн “Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол ямар ч ашиггүй зохицуулалт болно” гэж ярьж байгаад өөрчлөлт оруулсан. Ажлын хэсэгт хэн хэн байсан бэ гэвэл, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Эрхэсхулан, Дээд шүүхийн шүүгч С.Нямжав, Б.Баасандорж нар байсан. Х.Батсүрэн шүүгчээс нэг зүйл асууя. Хөөн хэлэлцэх хугацаатай шүүхийн шийдвэр гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж гаргадаг юм уу, Эрүүгийн хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг юм уу. Хэрэв Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг үндэслэж шийдвэр гаргадаг юм бол миний буруу.
Дээд шүүхийн шүүгч Х.Батцэрэн:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хязгаарлалт тогтоодог гурван тохиолдол байдаг. Нэгдүгээрт, гэмт хэрэг үйлдсэнээс хойш ямар хугацааны дотор эрүүгийн хэрэг үүсгэх вэ гэдэг эхний асуудал. Хоёрдугаарт, нэгэнт эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан бол ямар хугацааны дотор мөрдөн шалгаад шүүх шийдвэрээ гаргах вэ гэдэг хоёр дахь хугацаа. Гуравдугаарт, шүүх шийдвэрээ гаргаснаас хойш ямар хугацаа өнгөрвөл энэ шийдвэрийг биелүүлж болохгүй вэ гэдэг хугацаа. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.13-т заасан мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг дээр Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш мөрдөн байцаалтын хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгдэхгүй хүний эрх хязгаарлагдаж удаан үргэлжилбэл яах вэ. Энэ асуудлыг хуулиар зохицуулж болох уу гэдгийг тодруулсан юм. Энэ бол Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай хамааралгүй асуудал. Энэ бол цэвэр мөрдөн байцаалтын хугацаатай холбоотой асуудал. Би 2017 оны дөрөвдүгээр сарын 15, 16-нд болсон ажлын хэсгийн хуралдаанд оролцоогүй.
Улсын ерөнхий прокурорын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших:
-Ажлын хэсэг дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдах үед Эрүүгийн хуультайгаа уялдах ёстой гэдэг зүйл яригдсан. Ажлын хэсгийн тэмдэглэлийг харлаа. Процессын хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалт орсон ч Эрүүгийн хууль буюу материаллаг хуулийг дагаж зохицуулагдах учраас хоорондын уялдаа холбоог хангах тухай асуудал ажлын хэсгийн хурлын үеэр яригдсан байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Ажлын хэсэг хуралдаж Эрүүгийн хуулийн 1.10-ыг өөрчилсөн гэдгээ хэллээ. 31.13 буюу мөрдөн байцаалтын хугацаанд оруулсан өөрчлөлтийг улбаалж Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх ажлыг ажлын хэсэг хийсэн болохоо өөрсдөө ярьж байна, Х.Нямбаатар дарга аа! Гэтэл Ц.Нямдорж сайдын оруулж ирж байгаа төсөл дээр 31.13-ыг хөндөөгүй хэрнээ материаллаг хуулийнхаа хөөн хэлэлцэх хугацааг хөндчихсөн байна.
Энэ мэтчилэн гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн юм.
2 comments
Хуулийнхан шүүх прокорор энэ оронд дургиж дууслаа бүгдийнх нь гавъяатийг хурааж шоронд нь хий
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн даруу гэм буруутай этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авмаар байхын, яллагдагчаар татах гэсээр байтал нөгөөх н гадаад гараад алга болчих юм, тэгээд шийдэгдэхгүй олон хэрэг үлдээд байна шүү